Ерөөс Хүүхдийн мөнгө бол ямар ч хүнд маш эергээр хүрдэг халамжийн бодлого юм. Хүүхдийн мөнгө өгч байгаа улс төрийн хүчнийг сонгогчид ямагт дэмждэг. Анзаарвал хамгийн бодит зүйл нь энэ юм.
МАН ч 2016 оны УИХ-ын сонгуулиар "...Хүүхдийн мөнгийг ялгаварлахгүй олгоно” гэж амлаад 65 суудалтай болсон. Гэтэл сонгууль өнгөрсний дараа Мэргэжлийн Засгийн газар ажилдаа ороод Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгоно гэж мэдэгдсэн. Ингээд МАН сонгуулиар цуглуулсан сонгогчдын итгэл найдварыг алдаж эхэлсэн дээ.
Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын өмнөх өдөр Засгийн газрын шийдвэрээр улсынхаа бүх хүүхдэд Хүүхдийн мөнгө тараасан. 100 гаруй тэрбум төгрөг тараасан гэдэг. Харин сонгуулийн дараа ОУВС-гийнхан ирж хамаг юмыг нь шалгаад "...Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт тараа. Эс тэгвээс дараагийн санхүүжилт гацна. Цаашилбал, манай хөтөлбөр зогсоход хүрнэ” гэж анхааруулаад явсан.
Тиймээс Ж.Эрдэнэбатын Засгийн газар ирэх 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгохоор болж байгаа юм.
Үүнд МАН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон гишүүд тун таагүй хандаж байгаа ажээ. Сонгуулийн сурталчилгааны үеэр "...Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгнө” гээд амлачихсан. Засгийн газар байгуулагдсаны дараа Хүүхдийн мөнгийг зогсоосноо дээрх маягаар дахин олгож эхэлсэн. Ашгүй дээ гэж байтал ахиад зогсоохоор болж байна. Одоо тойрогтоо очоод хэлэх үггүй зогсох гишүүн олон болсон байна.
Үнэндээ МАН дараагийн 2020 оны УИХ-ын сонгуульд юу ч амлаад нэмэргүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын нааш цааш нь болгосон Хүүхдийн мөнгөний асуудалд энэ нам дээгээдүүлчихэж байгаа юм.
Дээрээс нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө УИХ-ын чуулган завсарлаагүй байхад Засгийн газар дангаар шийдвэр гаргасан. Тогтоол дээр нь мөнгөн дүн байдаггүй. Энэ мэтийн маапаантай асуудал цааш үргэлжлэх төлөвтэй байна.
Өөрөөр хэлбэл, удахгүй болох МАН-ын Их хурлаар Засгийн газрын хариуцлага болон яригдаж магадгүй байна.
Эх сурвалж: polit.mn