|

АНУ Украинд нүүрс нийлүүлж эхэллээ

saikhnaa 2017/09/15 697 0

АНУ Украинд нүүрс нийлүүлж эхэллээ

- Монголоос нүүрс импортлох асуудлыг судлах ажлын хэсэг Украинд байгуулагдсан-

АНУ-аас нүүрс тээвэрлэсэн анхны хөлөг онгоц Украины боомтод хүрчээ. ОХУ-ын эрчим хүчний хараат байдлаас гарах төлөвлөгөөтэй Украин, экспортоо нэмэгдүүлэхийг зорьж буй АНУ-ын Д.Трампын захиргаа хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу анхны тээврийн хөлөг онгод Одесса мужийн Южный боомтод ирсэн нь энэ аж.

Хөлөг онгоцонд 62 мянган тонн нүүрс ачсан байх бөгөөд Украины Засгийн газар, АНУ-ын эрчим хүчний компанийн хариуцсан ажилтнууд хүлээн авч, ачааг буулгажээ.

Украины зүүн этгээдийг хяналтдаа авсан ОХУ-ын талыг баримтлагч салан тусгаарлагчид болон Засгийн газрын армийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас Украин цахилгаан станцуудад нийлүүлэх нүүрсний хомсдолд орсон. Улмаар сөргөлдөөн гүнзгийрэх тусам дотооддоо хангаж чадахгүйд хүрч, импортын нүүрсээр хэрэглээгээ хангахаас өөр аргагүйд хүрсэн байдаг. Одоо ч эл нөхцөл байдал үргэлжилсээр байгаа юм.

Харин энэ оны зургаадугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ажлаа авснаасаа хойш анх удаагаа Украины Ерөнхийлөгч Петро Порошенкотой уулзсан. Тус уулзалтын дараа Украины Засгийн газар АНУ-ын эрчим хүчний компаниудаас нүүрс экспортлохоор тохиролцоонд хүрчээ.

Украины Ерөнхийлөгч Петро Порошенко АНУ-ын тээврийн хөлөг онгоц Южный боомтод хүрэх үед өөрийн биеэр хүрэлдэн очсон байна. Мөн албан ёсны фэйсбүүк хуудастаа "АНУ-ын Ерөнхийлөгч Трамптай хийсэн хэлэлцээрийн хүрээнд худалдан авсан нүүрсийг ачиж Украинд ирсэн анхны тээврийн хөлөг онгоцонд очлоо. Тэдгээр түүхий эд улсын эрчим хүчний аюулгүй байдалд чухал хувь нэмэр оруулахаас гадна, стратегийн түншүүд хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааны тод жишээ болж байна” хэмээн бичжээ.

Украины орон нутгийн зарим агентлагийн мэдээлснээр, энэ онд Украин АНУ-аас 700 мянган тонн нүүрс импортлох төлөвлөгөөтэй байгаа аж.

АНУ-ын өнгөрсөн оны арваннэгдугээр сарын 8-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн асар их туршлагатай Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоныг ялж, дэлхийн хүчирхэг гүрний удирдагч болсон Доналд Трампын тухайд сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн үеэсээ л нүүрсний импорт, экспортыг дэмжиж ажиллана гэдгээ тодотгож байсан удаатай. Тиймээс хоёр улсын хооронд байгуулсан хэлэлцээр цаашдаа тогтвортой үргэлжилнэ гэж ажиглагчид үзэж байна.

Украины цахилгаан болон дулааны цахилгаан станцууд нүүрсэнд түшиглэдэг. Гэвч, 2014 оны хоёрдугаар сараас хойш үүссэн Украины хямралын үеэр салан тусгаарлагчид зүүн этгээдийн бүс нутгийг хяналтдаа авснаар цахилгаан станцуудын гол түүхий эд антрацит нүүрсний нийлүүлэлт зогсоход хүрсэн юм.

Тиймээс Украин сүүлийн үед ОХУ-ын эрчим хүчний хараат байдлаас гарахад анхаарлаа хандуулах болжээ. Тус улс АНУ-аас гадна Өмнөд Африкаас нүүрс импортолж эхэлсэн бөгөөд анхны нүүрс тээвэрлэсэн хөлөг нь өнгөрөгч тавдугаар сард Украины боомтод хүрч байжээ.

Түүнчлэн, Украины Эрчим хүч, нүүрсний яам манай улсаас ч нүүрс импортлох сонирхолтой гэдгээ өмнө нь илэрхийлж байсан юм. Тодруулбал, өнгөрөгч зургаадугаар сард Монголоос нүүрс импортлох асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдсан байдаг. Гэхдээ тээвэрлэлтийн зардал өндөр тусч байгаа нь хүндрэл учруулж магадгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв.

Б.ДАВАА, МОНГОЛЫН МЭДЭЭ

Санал болгох

Сэтгэгдэл

top