|

1945 оны Чөлөөлөх дайны үеийн суртал, ухуулгын ажил ба Өвөрмонголын ард иргэдийн оролцоо

tonshuul 2017/11/14 1981 0
 
 1945 оны Чөлөөлөх дайны үеийн суртал, ухуулгын ажил ба Өвөрмонголын ард иргэдийн оролцоо
1945 оны Чөлөөлөх дайны үеийн суртал, ухуулгын ажил ба Өвөрмонголын ард иргэдийн оролцоо

Чөлөөлөх дайны 70 жилийн ойд


1945 оны Чөлөөлөх дайны 70 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэхүү чөлөөлөх дайны цэрэг, тагнуулын үйл ажиллагааны талаар эрдэмтэн судлаачид чамгүй судалгаа хийж, нилээд үр дүнд хүрсэн билээ. Эдүгээ ч уг судалгаа тасралтгүй явагдсаар байна. Судлаач миний хувьд чөлөөлөх дайны үеийн цэрэг-тагнуулын үйл ажиллагаатай зэрэгцэн явуулж байсан суртал, ухуулгын ажиллагаа хийгээд Өвөрмонголын ард иргэдийн оролцооны талаар судлан үзэж та бүхэнд товчхон хүргэж байна.  


Зөвлөлт Холбоот Улсаас /ЗХУ/ 1945 оны наймдугаар сарын 9-нд Япон Улсын эсрэг дайн зарласан тухай мэдэгдэхэд БНМАУ-ын Засгийн газраас ЗХУ-ын мэдэгдлийг дэмжиж байгаагаа илэрхийлж, "Зөвлөлт-Монголын харилцан туслалцах гэрээ”-гээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх, эх орныхоо аюулгүй байдлыг хангах зорилгын үүднээс наймдугаар сарын 10-нд Япон Улсад дайн зарлаж буйгаа мэдэгдсэн байдаг. Чөлөөлөх дайнтай холбогдуулж маршал Х.Чойбалсан 1945 оны наймдугаар сарын 10-нд Монголын ард түмэнд хандаж хэлсэн үгэндээ: "Бид...Японы түрэмгийлэн эзлэгч нарыг бут цохисны эцэст бүх монголчуудыг эрх чөлөөтэй, тусгаар тогтносон, бүрэн эрхт нэгэн ах дүү улс гэр болгон нэгдүүлэх явдлыг хангах болно” гэж тэмдэглэсэн байдаг.  

Монгол, Зөвлөлтийн цэрэг 1945 оны наймдугаар сарын 9-нөөс эхэлж Өвөрмонголын зүүн баруун хэсгийн хэд хэдэн чиглэлээр цөмрөн орж, чөлөөлөх дайныг явуулсан. Ийнхүү явуулахдаа БНМАУ-ын Засгийн газраас: "Алдар гавьяат улаан цэрэг нь Ази тивийн ард түмний амгалан тайван байдлыг тогтоон агуу их Монголын ард түмнийг нэгдүүлж, тэдэнд үндэсний эрх чөлөө олгох, тусгаар тогтносон гэр улс болгохын тулд Японы булаан эзлэгчдийн өмнөөс шудрага дайны илд мэсийг өргөв ... Монголчуудаа Та нар боолчлон дарлагч этгээдүүдтэй эсэргүүцэн тэмцэгтүн. Япончуудтай ар талаас нь тэмцэх байлдаанд явагтун” хэмээн уриалга гаргажээ. Чөлөөлөх дайны явцад чөлөөлөгдсөн нутгийг тохинуулах, ард иргэдийг БНМАУ-ын харьяанд нэгдэн орохыг ухуулах, сурталчлах ажлуудыг явуулах үүднээс МАХН-ын Төв Хорооноос 1945 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 60 дугаар хурлын тогтоолоор Намын Төв Хорооны Суртал Ухуулгын хэлтсийн дарга Нямтайширын Лхамсүрэнгээр толгойлуулсан Засгийн газрын комиссыг чөлөөлөгдсөн нутагт ажлуулахаар томилжээ. Уг комиссоос чөлөөлөгдсөн нутгуудад ажиллаж, хошууг шинээр зохион байгуулах, хошуудын даргыг томилох, японтой харилцаатай иргэдийг нутгийн ардын тусламжтайгаар илрүүлж баривчлах зэрэг ажлуудыг явуулж хэд хэдэн тушаал шийдвэрүүдийг гаргасан байдаг. 


БНМАУ-ын Засгийн газраас явуулж буй бодлого, үйл ажиллагааг ухуулан сурталчлах, японы цэрэг-тагнуулын байгууллагыг илрүүлэх, үлдэгдэлийг цэвэрлэх ажлыг явуулахаар Дотоод явдлын яаманд тусгайлан хүмүүсийг сонгон авч цэрэг, улс төрийн талаар сурган боловсруулж хэд хэдэн бүлэг болгон бэлтгэжээ. Мөн Дотоод явдлын яамны сайд "Хувьсгалт цэргийн байлдаж буй анги нэгтгэлүүдийн ар талд журам зарчмыг зохион хангах, ар талыг хамгаалах хөдөлгөөнт отрядуудыг байгуулах тухай” 301 дүгээр тушаалыг гаргажээ. Уг тушаалд байлдаанд орсон цэргийн анги, нэгтгэлүүдийн ар талд  журам дэглэм сахиулж, ар талыг хамгаалахын хамт японы тагнуул, хорлон сүйтгэгч, монголын оргодлуудыг илрүүлэн баривчлах, чөлөөлөгдсөн ард түмэнд БНМАУ-ын төрийн бодлогыг ойлгуулах үүргийг өгсөн байна.


Үүний өмнө Өвөрмонголын нутагт япончуудын дарлалыг эсэргүүцэн Дэлгэрцогт гэгч өөрийн дотно сайн нөхөд Хурцбилэг, Бүрэнсайн, Дугаржав нар лугаа нууцаар ярилцан хэлэлцэж 1943 оны наймдугаар сард "Дотоод Монголын Ардын Нам”-ыг үүсгэн байгуулжээ. Уг намын зорилго нь "Дотоод монголын ард түмнийг эрх чөлөөтэй болгох, японы дарлагдлаас гаргах, дотоод монголд японы удирдлагаар байгуулсан засгийг халж өөрчлөх” байв. Улмаар намын үйл ажиллагаа өргөжиж тус ондоо анхдугаар хурлыг намын гишүүн бөгөөд Хаалган хотын аж амьдралын хорооны барааны ажилчин Ядамжавын гэрт хийжээ. 

Анхдугаар хурлаас Нэгд: Намд нөлөө бүхий хүмүүсийг элсүүлэх, 


Хоёрт: Өвөрмонголыг японы дарлагдлаас чөлөөлөхөд БНМАУ-аас тусламж авах гэсэн үндсэн зорилтыг дэвшүүлжээ. Мөн намын гишүүн Сайжингаа, Гомбожав нарыг Дэ вангийн засгийн ордонд ажиллуулж Дэ вангаас явуулж буй ажил ба ард түмний зан байдлыг анхаарч байхыг үүрэг болгон ажиллуулж байв. Ийнхүү өвөрмонголын нутагт Монгол-Зөвлөлтийн армид дэмжлэг үзүүлэх боломжтой нэгэн бүлэг үүссэн байв. 

1945 оны наймдугаар сарын 11-ний өдөр Зөвлөлт-Монголын цэрэг Хамба ламын сүмийг эзлэхэд Өвөрмонголын хувьсгалт намын дарга Дэлгэрцогт, гишүүн Бүрэнсайн, Хурцбилэг нар тус цэргийн анги дээр очиж намын ажил байдлыг танилцуулжээ. 


Чөлөөлөгдсөн нутагт Дотоод явдлын яамнаас ажиллуулсан тусгай группүүдийн ерөнхий зохион байгуулалт, үйл ажиллагаа нь тухайн чөлөөлөгдсөн нутгийн хүн ам төвлөрсөн газарт байрлаж, ажилтнууд бүлэг, бүлгээр ойр хавийн нутагт суурьшиж буй иргэдэд хүрч ухуулга, таниулгын ажлыг гүйцэтгэж байв. Тухайлбал: Батхаалганы тусгай группийг хурандаа Б.Дордог, хошууч Э.Халтар нар удирдан ажиллажээ. Тус группээс 1945 оны есдүгээр сарын 4-9-ний өдрүүдэд Ширээтийн хошуунд ухуулагч Дорж, Аюурзана нар, Дархан бээлийн хошууны Хавцал, Шар толгой зэрэг газруудаар ухуулагч Шарав, Сэдэв нар ажиллсан байна. Тус Батхаалганы группээс дайны хугацаанд: Дархан бээлийн хошууны 66 өрхийн 504 ардад, үүнээс эрэгтэй 233, эмэгтэй 271, Муумянган хошууны 24 өрхийн 251 ардад, үүнээс эрэгтэй 114, эмэгтэй 137, Ширээт шавийн хошууны 207 өрхийн 518 ардад, нийт 261, эмэгтэй 257. Эдгээр бүгд 397 өрх айлын 1273 хүнд өөрийн суртал ухуулгын ажлыг нэвтрүүлжээ.  

Тухайн үед япончуудын зүгээс энгийн ард иргэдийг тонон дээрэмдэх, мал хөрөнгийг булаах, орос бараа, материал хэрэглэвэл монголын тагнуул хэмээн баривчлан хорих, занчих явдал ихээхэн гаргаж байжээ. Тухайлбал: Ширээт сүмийн нэгэн ардын 20 гаруй морьноос зөвхөн ганц морь үлдээж,  үхэр нэгэн адил ганцыг үлдээгээд бусдыг авч, нэг үхрийн үнэд сайн бол 3 ам ембүү, их төлөв үнэгүйгээр авч байжээ. Мөн Ширээт сүмийн өндөр настан Нансалмаа: "Хувьсгалч үзэлтэй хүмүүс буюу орос бараа эдэлж хэрэглсэн хүмүүсийг баривчлуулж байв. Ямар нэг сэжиглэлтэй хүмүүсийг баривчлан аваад зодож занчих буюу хүйтэн усаар гэдсийг дүүргэх зэргээр эрүү шүүлтийг хэрэглэж байцаадаг байсан болой. Тэрч байтугай арваад настай охиныг хүртэл чихэр боовоор хуурч тагнуул хийлгэдэг байсан. Япон шиг жигшүүртэй улс дэлхий дээр нэгч үгүй” хэмээн уйлан ухуулагч нарт ярьж байжээ. 

Ухуулах ажлын хүрээнд Өвөрмонгол ард иргэдийн зүгээс доорх асуултуудыг ихэвчлэн тавьж байжээ. Үүнд: 

1. БНМАУ-ын шашин шүтлэгийн асуудал, 

2. БНМАУ-ын нийгмийн харицлааны талаар, 

3. БНМАУ-тай Өвөрмонгол нэгдэх эсэх, нэгдэх талаар санал хураалт явуулах, 

4. БНМАУ-аас дүрвэж ирсэн иргэд буцаж нуагтаа очиж болох эсэхийг асууж байжээ. 


Үүнээс гадна чөлөөлөгдсөн нутгийн ард иргэд нийтээр нэгдэн БНМАУ-д нэгдэх тухай бичгийг үйлдэн өргөн барьж байв. Тухайлбал: Хөлөн буйрын шинэ барга, зүүн гарын хөл шар хошууны ард иргэдээс 1945 оны есдүгээр сарын 25-ны өдөр хуралдан: "БНМАУ-ын засгийн газарт: Хөлөн буйрын шинэ барга, зүүн гарын хөл шар хошууны шар хар ард олны санал” гэсэн бичгийг үйлдэн  өргөн барьжээ. Уг бичигтээ: "Эдүгээ бид нар Их Монголоос тасарч удаанаар бусад угсаатанд захирагдаж агсаны дээр нэн ялангуяа 14 оны дотор аюулт харгис японы эзэрхэг шунахай цэрэг, иргэдийн дарлагдалд мөлжигдөж, туйлын гашуун зовлонг эдэлж байтал энэ оны наймдугаар сарын 9 ба 10-ны өдрүүдэд СССР ба БНМАУ-ын баатар зоригт цэргүүд аянга, цахилгаан мэт орж ирмэгц харгис япон нар түүний сүр хүчинд хоромхон зуур ор мөргүй сөнөсөн. Харьяат хошууны ард олон харанхуйгаас гэгээн гэрлийг үзсэн мэт түмэнтээ баярлаж үндэс угсааны журмаар Их Монгол улс лугаа нэгдэж богд дээдэс Чингис хааны гэрэлт алдарыг дахин мандуулах болтугай хэмээн ард түмэн бид бүгдээр өргөн санаа гаргаж хүсэх нь. Эрх биш санал ёсоор шийтгэхийг гуймой. Үүний тул өргөв” хэмээн нийт 172 хүн гарын үсэг зурсан бичиг үйлджээ. 


Энэ мэтчлэн Өвөрмонголын ард иргэдээс Чөлөөлөх дайны үйл ажиллагааг хөхүүлэн дэмжиж нэгэн улс гэр болохыг туйлаас хүсэн ухуулагч бүрт хүсэлт тавьж байв. Мөн Өвөрмонголын ард иргэдээс чөлөөлөх дайны үйл ажиллагаанд оролцож буй анги нэгтгэл, тусгай группүүдэд ажиллаж ихээхэн хувь нэмрийг оруулж байжээ. Дурдвал: Дөрвөдийн хошууны Бөхдорж тусгай группэд ажиллан дөрвөн нууц хариуцан элсүүлсэн, Өвөрмонголын цэрэг Жаргал, Дамиран хоёр нь монголоос гарснаас хойш байлдагч нарын нэг адил харуул манааны үүргийг сайнаар гүйцэтгэж, хятад хэл сайн мэдэх учир аливаа хятадуудтай хэл нэвтрэлцэх явдалд хэлмэрчлэн үлэмж эх тус болсон, Жаргал нь анх Дөрвөд тийш явж байх үед ангийн тэргүүнд сэргийлэх манаанд яваад хятадын 100 гаруй дээрэмчдийг үзмэгц тэрхүү цагийн дотор эргэж ангидаа мэдэгдэн дээрэмчидтэй гэнэт тулгарах аюулаас сэргийлсэн, Улаанцавын чуулганы ширээтийн хошууны зүүн сумын иргэн Дашжавын Эрдэнэбаатар БНМАУ-д нэгдэхийг ухуулах явдалд нийтийг удирдсан ба хятадын улаан цэрэгт адуу 100, урт буу 43, сум 1200, гранат 70 ширхэгийг өгөн ихээхэн туслалцаа үзүүлж байжээ. 


Чөлөөлөх дайны төгсгөлийн талаар судлаачид нилээд судалгааны өгүүллүүд гаргасан тул энд нуршихаас татгалзав. Дээр дурдсан баримтуудаас үзвэл Өвөрмонголын ард иргэд БНМАУ-ын цэргийн хүч болоод тусгай группүүдэд бүхий л талын дэмжлэг үзүүлж, дайны үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Тэд Япон Улс бууж өгөхөд зарим хэсэг нь БНМАУ-ын харьяат болохоор ирж, Өвөрмонголын нутагт үлдсэн олон арван хүмүүсийн гавьяатай үйл хэргийг чөлөөлөх дайнд оролцсон анги нэгтгэлийн удирдлагуудаас БНМАУ-ын одон медаль, үнэ бүхий зүйлээр шагнуулахаар тодорхойлон Засгийн газарт явуулж байжээ.   

"Өнөөдөр" сонин№202 (5596)

ТЕГ-ын судлаач На.Батболд


Санал болгох

Сэтгэгдэл

top