|

Өвлийн Олимпийн VII наадам: Кортина д’Ампеццо-1956

saikhnaa 2018/01/19 1164 0
  • Зохион байгуулагч орон: Итали улс (Европ тив)

  • Огноо: 1956 оны 1 сарын 26-ны өдрөөс 2 сарын 5-ны өдрүүдэд

  • Оролцогч орны тоо: 32 улс (Европын 22, Хойд Америкийн 2, Өмнөд Америкийн 2, Азийн 5 улс, Австрали Номхонй далайн бүсээс 1)

  • Нийт оролцсон тамирчин: 821 тамирчин

  • Спортын төрөл: 8 төрөл

  • Цэнгэлдэх хүрээлэн: "Олимпик айс” цэнгэлдэх

  • Нээсэн хүн: ерөнхийлөгч Ж.Гронки

1952 оны Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байсан Италичууд 1949 онд Ром хотноо болсон ОУОХ-ны чуулганаар 1956 оны эрхийг авсан. 1956 оны Өвлийн Олимпийн наадмын төлөө АНУ-ын 2 хот, Канадын 1 хоттой хамт өрсөлдөж авсан. Мэдээж ОУОХ-ны 43-р чуулганыг эх орондоо зохиосон Италичуудын зүгээс лобби орсон байхыг үгүйсгэхгүй юм. Ямартаа ч Апеннины хойгт орших Итали улс Альпийн нурууны бэлд орших хойд нутгийнхаа Кортина д’Ампеццо хэмээх бяцхан хотод Өвлийн Олимпийн VII наадмыг зохион байгуулсан байдаг. Италичууд Олимпийн наадмын тамирчдын тангаргийг уулын цанын тамирчин Ж.Минуццогоор өргүүлсэн нь Олимпийн наадмын түүхэн дэх тангараг өргөсөн анхны эмэгтэй тамирчин болсон байдаг.

Өвлийн Олимпийн наадмын түүхэнд уран гулгалтын тэмцээн хамгийн сүүлчийн удаа гадаа явагдлаа. Өвлийн Олимпийн наадмын спортууд нь бүгд гадаа явагддаг байсан. Харин 1960 оны АНУ-ын Скво-Валлид болсон Өвлийн Олимпийн наадмаас уран гулгалтын төрөл нь битүү дээвэртэй ордонд зохион байгуулагдсан байдаг. Ийнхүү Кортина д’Ампеццогийн Өвлийн Олимп нь сүүлчийн гадаа талбайн уран гулгалтын тэмцээн болон тэмдэглэгдэн үлдсэн. Тус Олимпийн наадамд гүйлтийн цанын хөтөлбөрт эрэгтэй 30 км, 4х10 км-н буухиа, эмэгтэйчүүдийн буухиа уралдаанууд нэмэгдэж орсон.

Кортина д’Ампеццогийн Олимпийн наадамд хуучин ЗХУ (одоогийн ОХУ)-ын баг ялгуусан амжилт үзүүлсэн. Оросууд 1900, 1908, 1912 оны Зуны Олимпийн наадамд Оросын хаант улсын үед оролцсоноос хойш анх удаагаа Олимпийн наадамд оролцсон. Оросууд анх удаагаа оролцсон гэхэд маш өндөр амжилт үзүүлж 7 алт, 3 мөнгө, 6 хүрэл медаль хүртэж медалийн тоо,чанараар тэргүүлж Норвегичуудын ноёрхлыг зогсоосон. Оросууд шайбтай хоккейн төрөлд мөн Канадын тогтоосон ноёрхлыг зогсоож шууд аварга болов.

Мөн гүйлтийн тэшүүрийн төрөлд Е.Гришин, гүйлтийн цанын төрөлд П.Колчин нар алдар нэрээ мандуулсан юм. Е.Гришин тэшүүрийн 500 м, 1500 м-н төрөлд хоюуланд нь алтан медаль хүртсэн бол П.Колчин гүйлтийн цанын төрөлд медаль хүртсэн Скандиновын хойгийн бус анхны тамирчин болсон байна. Тэгвэл Австрийн уулын цанын домогт тамирчин, "доунхиллын хаан” хэмээх Тони Зайлер уулын цанын 3 төрөлд гурвууланд нь алтан медаль хүртсэн. Энэ амжилтаараа Өвлийн Олимпийн наадмын уулын цанын бүх төрөлд түрүүлсэн анхны тамирчин болон тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Хожим нь Т.Зайлер цанын спортын хувцас, хэрэглэлийн "Сайлер” пүүсийг байгуулсан ажээ.

Апеннины хойгт болсон Өвлийн Олимпийн VII наадамд ЗХУ, Иран, Болив улсууд анх удаагаа оролцсон. ЗХУ-ын амжилтын тухай дээр дурьдсан бол Иран улс Ази тивээс 4 дэх Өвлийн Олимпийн наадамд оролцсон улс болсон. Харин Өмнөд Америкт орших Болив улс Өвлийн Олимпийн наадамд оролцсон анхны тропикийн буюу халуун бүсийн орон болж байсан. Болив улс уулын цанын төрөлд 1 тамирчнаа сойж байжээ.

Б.Бямбабаяр

http://www.hunnu.mn/a/88707

Санал болгох

Сэтгэгдэл

top