|

Бороо /Өгүүллэг/

saikhnaa 2018/02/27 670 0

Бороо /Өгүүллэг/

Жав гуайн манай хоёр олон жил зусланд айлсан гардагсан. Манайхан Булган голын ногоон хөндийгөөс хоёр гурван өдөр нүүж, түргэн догшин урсгалтай горхи булаг бүхий уулын ам өгсөн Алтайн их нурууны бэл, цасан малгайт хан өндрийн энгэр бараадаж зусдаг билээ.

Манай хоёр Хоржийн ам гэдэг хурдан урсгалт горхи хоржигнон шаагисан Алтайн шилд ховорхон тааралддаг гурван талаасаа уулаар хүрээлэгдсэн тавиухан хөндийд хүрч хуртай, бороотой, нартай, сартай, халуун, сэрүүн гурван сарыг авдаг юм. Хоржийн горхины эрэг зүйл зүйлийн цэцэгтэй ногоон зүлэг, хивс дэвссэн юм шиг эрээлнэ. Торгон бид хоёр түргэн урсгалт горхины усанд орж бие биеэ усаар цацаж, цэцгэн дунд эргэлдэх өнгө өнгийн эрвээхэйтэй хөөцөлдөж, хургаа хариулж, жимс зулгааж, бүтэн өдрийг бардаг сан. Торгон гэж Жав гуайн бага охин. Бид хоёр туулай жилтэй нас чацуу, дөрвөн нас хүртлээ үхэгт сууж тэмээний алхаанд зүүрмэглэн, дараахь хоёр зун нь номхон морь унаж бага малаа тууж, харин наадмын морь унадаг болсноос хойш бод, бог аль алиныг нь тууж зусланд алжаалгүй хүрдэг болсон.

Тэр нэгэн жил Хоржийн зусланд устай, бороотой зун болж байсхийгээд дуутай хур бууна. Энэ зун Торгон бид хоёрын арван гуравны хөх туулай жилийн дараа зун бид арван дөрөв, тавтай уулын горхины хүйтэн усанд шумбадаг үе өнгөрөөд хэдэн жил болж байжээ.

Торгон олон салаалж нарийхан сүлжсэн шаргал үсээ хоёр шанаа руугаа унжуулж, элбэгдүүхэн ногоон тэрлэгээ шар дурдан бүсээр шав хийтэл ороогоод, богино түрийтэй хүрэн илгэн гутлаас салдаггүй хөөрхөн бор охин болж, нүдэн дээр надаас түргэн өсч хоёр хацар нь болсон тошлой шиг ягаараад би хажууд зэрэгцэн явахаас ч цэрвэдэг болсон үе юм.

Манай нутагт арван зургаа, долоо хүрсэн охидыг сэвгэр гэж өхөөрдөн өргөмжилдөг нь учиртай гэдгийг хожуухан мэдэрсэн юм.

"Тоохуу нэгэн гутал тов хийгээд байна.
Торгууд нэгэн сэвгэр толгой дохиод байна" гэдэг дууны учрыг олтол Торгонд хоёр гурван жил дутуу байж дээ. Тэнгэр бүрхсэн сэрүүвтэр нэгэн өдрийн үдийн алдад юмсан. Торгон бид хоёр борооноос өмнө хонио хурааж саахаар шилбүүрээ исгэрүүлээд гарч өглөө. Бараг хоёр саахалтаас хол газар цэцэг ногоо хөөн хад асга дамжаад таран бэлчсэн хониныхоо зүүн, баруун хоёр талаар бид хоёр дэгдэж дэрвэсээр хүрч очив.

Хаданд цойлсон ямааг буулгаж, тарж бутарсан хонио хураах гэсээр байтал түрүүнээс хойш цайрч эхэлсэн бороо хувингаар асгаж байгаа юм шиг цутгаж миний цамц нэвт норсныг тайлж барьчихаад хонио шилбүүр, цамцаараа ээлжлэн шавхуурдаж явсаар нэг мэдэхэд хонь минь багшран бөөгнөрч би Торгоны хажууд ирчихсэн байлаа. Тэр хоёр гутлаа тайлаад сугавчилж, бас л над шиг усан хулгана болтлоо норчихжээ. Нэвт норсон ногоон тэрлэг биеийг нь барьж гэрэлтүүлээд энгэрт нь хоёр товгор "юм" сэрийж, нарийхан бэлхүүс, бөөрөнхий өгзөг, шулуун чанга хөлнийх нь булчин хэрхэн товойж байгааг би нэг мэдэхнээ гайхан, шохоорхож ширтээд тууж яваа хонио таг мартан уяаны шон шиг хөдөлгөөнгүй зогсчихсон байв. Намайг энэ насандаа анх удаа ертөнцийн хамгийн гоо сайхан зургийг хараад алмайран гайхаж илбэдүүлсэн мэт зогсож байгааг гэнэтхэн ажигласан Торгон сав санаандгүй галзуу чоно үзсэн юм шиг огло үсрэн шилбээ гялалзуулан гэрийн зүг алга болж билээ. Ингээд би ор ганцаараа хонио тууж, огт ганцаараа бодолдоо туугдаж хоцорлоо. Ингэж би хүүхэн хүний гоо сайхны тэнгэрийг тэр хол, хоймроос биш харин Хоржийн зуслангийн завгаас харж билээ.

Торгон бид хоёр зуслангийн айлууд буун буутал бие биеийнхээ нүүр, нүдийг эгцэлж харж зүрхлэлгүй гэм хийчихсэн юм шиг бишүүрхэн зай барьж халгаж, хулгасаар лав бүтэн жил тойрсон байх аа. Оройтсон зуны зуслангийн бороонд шалба норон байж халуун сэтгэл гэгч юм байдгийг ухаарсан бороотой зуны үд дунд.

Бороо ... торгомсог Торгоны гоо сайхныг олж харуулсан Хоржийн зуслангийн халуун бороо.

Зохиолч: Цүрмэдийн Мухар

Санал болгох

Сэтгэгдэл

top