Орхон/МОНЦАМЭ/ "Сэлэнгэ голын сав газрын захиргаа” өнгөрсөн онд Баян-Өндөр сумын Их-Залуу багийн гүний зургаан худгийн бохирдлыг судлахад нэг нь стандартын шаардлагад нийцэхгүй, гурвынх нь магни ион үзүүлэлт нь стандартаасаа давсан байсан тухай тус газрын дарга М.Чулуунзагд мэдээллээ. Судалгаагаар нэг худгийн ойролцоох 100 метрийн радиуст дунджаар 8-16 нүхэн жорлон байрлаж байгаа нь усыг бохирдуулах эс үүсвэр болж байна гэж тогтоосон байна.
Стандартын шаардлагад нийцэхгүй гэдэг нь ашиглах боломжгүй гэсэн үг юм. Энэ нь тус багийн иргэн Б-ийн эзэмшдэг гүний худаг ажээ. Харин үлдсэн худгийг ашиглаж болно гэсэн дүн гарсан байна.
Их-Залуу баг нь 1184 өрх, нүхэн 830 жорлон, гүний 14 худагтай бөгөөд үүнээс зургаан худгийг нь судлахад дээрх дүн гарсан байна. Иймд нүхэн жорлонг цөөрүүлж гүний худгийн усны бохирдлыг бууруулах хэрэгтэй гэж тэрээр онцоллоо. Судалгааны зорилго нь нүхэн жорлон гүний худгийн усны бохирдолд хэрхэн нөлөөлж байгааг илрүүлэхэд оршжээ. Усны дээжийг УЦУОШГ, МХГ-ын лабораторид шинжлүүлсэн байна.
Б.Оюун-Эрдэнэ