Өмнө мэдээлж байснаас 40 орчим саяар илүү хүний хувийн мэдээллийг Cambridge Analytica компанид алдсанаа Фэйсбүүк компани хүлээн зөвшөөрлөө.
Улс төрийн зөвлөх үйлчилгээний Cambridge Analytica компани зүй бусаар олж авсан 50 сая хэрэглэгчийн мэдээллийг 2016 онд Дональд Трампын сонгуулийн ажиллагаанд ашигласан нь өнгөрсөн сард илэрч байв.
Харин өчигдөр Фэйсбүүкийн технологи хариуцсан дэд захирал Майк Шроефер энэ тоог 87 саяд хүрснийг мэдээлсэн байна.
Тэрээр хэрэглэгчийн хувийн мэдээлэлд гуравдагч этгээдүүдийн хандах эрхийг хэрхэн хязгаарлах төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Дөрөвдүгээр сарын 9-ний Даваа гарагаас эхлэн тус сүлжээний хэрэглэгчид New Feed хэсэгт цувран харагдах мэдээлэл бүр дээр хэн тарааж байгааг харуулах холбоос байрлуулж эхлэх гэнэ.
Мөн үүнтэй зэрэгцэн хэрэглэгч бүрт мэдээллийг нь Cambridge Analytica компани ашигласан эсэхийг мэдэгдэх юм. Гэхдээ дээрх хэрэглэгчдийн 90 гаруй хувь нь АНУ-ын иргэд байгаа ажээ.
Эх сурвалж: Quartz
Р.ТҮВШИН, IKON.MN