Дэлхий нийтэд жил бүр барагцаагаар нэг сая хүнд ходоодны хорт хавдар өвчин шинээр оношлогдож буй бөгөөд ойролцоогоор 723.000 хүн уг өвчний улмаас нас барж байна. Уг өвчний нийт тохиолдлын бараг тал орчим хувь нь зүүн Азийн орнуудад буюу БНСУ, Хятад, Япон, Монгол зэрэг орнуудад оношлогдож байна
БНСУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнууд нь ходоодны хорт хавдрын нийт тохиолдлоороо дэлхийд тэргүүлэгч орнууд ч гэсэн эрт илрүүлгийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр уг өвчний нас баралт жил ирэх тусам буурч байгаа бөгөөд 10.000 хүнд ноогдох нас баралтын тохиолдлоороо Монгол улсаас барагцаагаар дахин дахин бага байна. Монгол улс нь ходоодны хорт хавдраас шалтгаалах нас баралтаараа дэлхийд тэргүүлж, тохиолдлоороо хоёрдугаарт бичигдэж байгаа нь туйлын эмгэнэлтэй юм. Монгол улсад жил бүр 500 орчим хүн уг аюулт өвчний улмаас алтан амиа алдаж байна. Ходоодны хорт хавдар үүсэх гол шалтгаан бол хелико бактери, давсны их хэрэглээ бөгөөд архи тамхины хэрэглээ ч бас нэг шалтгаан нь болдог байна.
Иймд Хаппи Веритас оношилгооны төв нь 10 жилийн ойг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд нь 2018 оны дөрөвдүгээр улирлыг хелико бактерийн эсрэг үндэсний аян зарлаж байна. Аяны хүрээнд хелико бактерийг илрүүлэх шинжилгээг 2000 төгрөгөөр хийлгэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Ходоодны хорт хавдрын 80 хувь нь хелико бактериас үүдэлтэй байдаг аж.