УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.
С.Бямбацогт нарын 11 гишүүний өнгөрөгч сарын 19-нд өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөл нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. Эрүүгийн хуульд нийт 200 гаруй гэмт хэргийн төрлийг тодорхой заасан байдгаас ердөө 7 төрлийн хэрэг голлон үйлдэгддэг байна. Тухайлбал, хулгайлах, бусдын бие мах бодид хохирол учруулах, залилан мэхлэх, замын хөдөлгөөний дүрэм зөрчих зэрэг нь Монгол Улсад бүртгэгдэж буй нийт гэмт хэргийн 80 гаруй хувийг бүрдүүлдэг. Мөн сүүлийн жилүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, хүн худалдах болон цахим орчинд үйлдэж буй гэмт хэргийн тоо нэмэгдэж буйг С.Бямбацогт гишүүн хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдлаа.
Тэрбээр, "Монгол Улсад 2014 онд гэмт хэргийн улмаас 148.3 тэрбум төгрөгийн хохирол учирч байсан бол 2017 онд 198.1 тэрбум болж өссөн. Мөн 2017 онд гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо 2016 оноос 500 орчмоор нэмэгдсэн. Тиймээс гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэхийг зүй ёсоор шаардаж байна. Энэхүү хуулийг баталснаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн бодлого, төлөвлөлт, судалгаанд суурилуулан явуулах боломж бүрдэнэ” гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Харин Ц.Мөнх-Оргил гишүүн хуулийн төсөлд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хэвлэл, мэдээллийн байгууллагын үүрэг, оролцоог нарийн тусгах хэрэгтэй гэсэн санал хэлсэн юм.
Тэрбээр, "ЦЕГ, ОБЕГ зэрэг төрийн байгууллагууд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, видео бичлэг, зураг зэргийг гаргадаг ч цөөн хэдэн газар л түүнийг нь иргэдэд хүргэдэг. Бусад хэвлэл мэдээллийн байгууллага нь төлбөр нэхэмжлээд гаргаж өгөхгүй байх нь элбэг. Тиймээс телевизүүд өдөр тутам заавал 5-10 минутыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн нэвтрүүлэг, сурталчилгаа гаргаж байна гэх мэтээр хуульчилж өгөх нь зүйтэй” гэлээ. Мөн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд түүний саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд хуулийн төсөлд нэмж тусгахыг ажлын хэсэгт санууллаа. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зөв хэмээн үзэв.