|

Гэнэт баяжих гэдсэнд халтай

zulaa 2018/11/22 486 0

 

Гэнэт баяжих гэдсэнд халтай

 

Шөнө босоод жорлон руугаа ортол урд нь өндрөөрөө тохойн чинээ жижигхэн хар хүн сууж байхыг үзээд Энхбат үхтлээ айжээ. Муухай орилоод гарч гүйхдээ "Арай энэ чинь хий юм хардаг болов уу, яав" гэж өөрийгөө буруутгасан хэдий ч айдаст автсан хэвээрээ байв. Зүрхшээн байж жорлонд бие засаад гарахдаа хий юм үзсэндээ итгэхэд бэлэн байжээ. Гэтэл гал тогооны өрөөндөө орж хүйтэн жүүс ууж байтал ширээн дээр нь мөнөөх өчүүхэн жижиг хүн хуруугаараа этэн зангаж байхыг хараад ухаанаа алдах шахжээ. Тэр шөнө нойр нь хулжаад удтал унтаагүй бөгөөд арай гэж унттал нөгөөх жижигхэн хар хүн бугалганы чинээ болтлоо намсчихаад цээжин дээр нь дэвхэрч "Босооч, сэрээч. Юугаа хийгээд дэмий хэвтээд байгаа юм бэ?" хэмээн хашгичиж, үснээс нь зулгааж байна гэж зүүдлээд муухай орилон сэржээ.



Авгай нь өндийж "Хар дарав уу, яав? битгий дээшээ харж хэвт л дээ. Хажуугаараа хэвт" гэж зөвлөхөд Энхбат босч тамхиа асаав. Одоо тэр айхаа больжээ. Яасан бэ гэвэл мөнөөх хуруун чинээ болтоо жижгэрсэн хөгшин царайтай хар нөхөр яг өмнө нь агаарт зогсоод нүдээ ирмэж байхыг харахдаа ердөө сэжиглэж жийрхсэнгүй. Ямартаа түүн рүү хуруугаараа чичлэн "Чи хэн бэ? Яах гэж намайг ээрээд байгаа юм бэ?" гэж асуужээ. "Одоохон гэрээсээ гараад цэцэрлэг рүү оч. Саравчинд орвол ширээн дээр ууттай юм байгаа. Түүнийг ав. Чи түргэлэхгүй бол хүн ирчихээд авах нь байна шүү" гэжээ. Энхбат гайхсан ч гарчээ. Үүрийн таван цаг учир сүрхий сэрүүхэн ажээ. Цэцэрлэгийн модон саравчин доторх ширээн дээр цэмбэн уут байхад нь онгойлговол зангидсан нударган чинээ алтан ембүү үзэгджээ. Энэ үед хэн нэгэн бархиран дуулсаар гарч ирэхэд Энхбат даруйхан гэр рүүгээ буцжээ.



Цэвэр алтан ембүү байлаа. Харин өнөөх жижигхэн хар хүн хаана ч харагдахгүй болжээ. Энхбат өөрийгөө бараг харь гаригтай холбогддог хүн шиг санасан төдийгүй ид шидийн ямар нэг увидастай ч байж магадгүй гэж санасан байна. Тэрбээр өнөөх алтан ембүүгээ ханасан үнээр нь худалдаад жийп авч унав. Гэнэт хөлжсөн Энхбатыг хүн бүхэн биш юм гэхэд төрүүлсэн эх, ханилсан эхнэр хоёр нь бүр гайхсан билээ. Мөнгөнд умбасан Энхбатын ааш зан өөрчлөгджээ. Үе үе хонуут, өнжүүтээр буудлаар хоноглох үе мултарсан охид, бүсгүйчүүдтэй садарлах болжээ. Өөрийгөө хэзээ ч автобусны мөнгө, хоолны мөнгөөр гачигдаж яваагүй юм шиг л бардаж сагсагнажээ. Эхнэрийнхээ дур хүслийг хангах нь бүү хэл өвөрт нь орж унтахаа байсан төдийгүй "Чамтай амьдарч яваад баяс. Хэрэв би явчихвал чи л амаараа шороо үмхэнэ" хэмээн дарамталсан байна. Нөхөртөө тоогдохоо байснаа ойлгосон эхнэр нь уйлж үзэв. Гэвч хаашаа явах билээ. Гэтэл тэр орой Энхбатыг тансаг зочид буудалд биеэ үнэлэгч царайлаг бүсгүйтэй хорвоогийн садарлалд умбаж ахуйд өнөөх жижигхэн хар өвгөн чигчий хуруугаараа этэн дуудаж байхыг үзжээ. Тэр үнэхээр их баярлан хөөрсөн аж.



Энэ удаа ямар бэлэг өгөхөөр ирсэн бол гэж Энхбат горьдсондоо тэгж баярласан байв. Гэвч хуруун чинээ хар өвгөн "Одоо гар. Буудлын үүдний довжоон дээр уут бий. Түүнийг ав" гэхэд мань эр яарч адгасаар гүйж гарахдаа "Бүр том алтан ембүү авчирсан байгаасай. Би улам баяжиж тансагламаар байна" гэж бодож байжээ. Довжоон дээр нээрээ л уут байлаа. Энхбат уутны ам нээгээд л муужирч унасан байна. Сэхээ орж сэрсэн хойно мань хүн тансаг зэрэглэлийн зочид буудалд ч биш, түүний довжоон дээр ч биш хуучин гэртээ хэвтэж байгаагаа мэдэв. Хогшил тавилга нь ч хүртэл яг хуучнаараа агаад алтан ембүүгээ зарж авсан шинэ тавилгуудаас ганц нь ч алга байжээ. "Би хаана байна?" гэж тэр асуусан хойно "Солиотой хог чинь зүүдэлсэн юм байж л дээ" хэмээн санажээ. Гэвч түүний урд чигчий хурууны чинээтэй жижигхэн хар өвгөн сүүтэгнээд хөнжил дээр нь асан алхахыг үзмэгцээ зүүдлээгүйгээ мэджээ. "Чи хэн бэ? Би яасан бэ?" гэж Энхбатыг асуухад өнөөх чигчийн чинээ амьтан хуруугаараа чичиж, "Чамд баян амьдрал зохихгүй юм байна. Хуучнаараа л амьдар. Тэр нь чамд дээр" хэмээн хэлээд алга болчихжээ. Энхбат өрөөн дотуураа өчнөөн хайгаад ч олсонгүй. Тэгэхэд л тэр энэ бол зүүд шиг амьдрал байна, гэхдээ надад зүүд шиг тансаг амьдрал зохихгүй нь үнэн биз хэмээн гонсгорхон мэдэрч билээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top