|

Ц.Элбэгдорж: Төрд 20 жил ажилласан хүн агентлагийн дарга болно

namuunaa 2015/06/25 755 1

Том биш ухаалаг төртэй байх бодлогын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэд хэдэн хуулийн төсөл боловсруулжээ. Дээрх уриалгыг хоёр жилийн өмнө гаргаснаас хойш 19 хуулийн төсөл боловсруулж, үүнээс тавыг нь УИХ баталсан байна. Өнөөдрийн байдлаар найман хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн, үлдсэн нь төсөл боловсруулах шатандаа яваа. Үүнээс хоёр хуулийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцолж мэдээлэл өгч, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.


Хэлэлцүүлэгт МАН-ын дарга М.Энхболд, АН-ын дарга З.Энхболд болон УИХ дахь МАН, АН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Б.Гарамгайбаатар нар оролцсон юм. Ерөнхийлөгчийн боловсруулж өргөн барихад бэлэн болоод байгаа хоёр төсөл бол Төрийн албаны тухай болон Улс төрийн намын тухай хууль. Ерөнхийлөгч "Дээрх хоёр хуулийн төслийг заавал батлуулахын төлөө ажиллана. УИХ буцаавал маргааш нь дахин өргөн барина” гэдгийг хатуу хэлсэн. Төрийн алба болон Улс төрийн намуудын тухай хоёр хуулийг зэрэг ярьж байгаа нь ч тохиолдлын зүйл биш бөгөөд 25 жил улс төртэй хутгалдсаны хувьд, сургамж дээрээ үндэслэн боловсруулсан гэв. Хариуцлага, хяналтгүй болсон нийгэмд дээрх хоёр хууль ихээхэн үр дүн авчирна гэдгийг ч тэрбээр тайлбарлав. Тухайлбал, улс төрийн намуудаас болж иргэдийн төрд итгэх итгэл алдарч буйг өөрчилнө. Мөн хариуцлага, хяналтгүй байдал арилж, намын гишүүнчлэл хамгийн багадаа 60 хувь багасна хэмээн үр дүнг нь тооцжээ.

 Нам одон медаль, фракцгүй байна

 Ерөнхийлөгчийн ойрын үед өргөн барих Улс төрийн намын тухай хуульд "Намууд бодлогын нам болж өөрчлөгдөнө” гэж заажээ. Энэ нь нам судалгааны байгууллага болж өөрчлөгдөх, хүний нөөц бэлддэг, төрөөр дамжуулан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг болно гэсэн үг. Мөн хяналтын тогтолцоотой болгох бөгөөд үүнийг сонгуулийн төв байгууллага нь хэрэгжүүлнэ. Ингэхийн тулд намууд сонгуулийн болон санхүүгийн тайлангаа жилд хоёр удаа тайлагнана. Тайлангаа гаргаж өгдөггүй "том толгойтой” намыг татан буулгах, статусыг нь өөрчлөх эрх мөн СЕХ-нд байх юм. Түүнчлэн зургаан жил дараалан аль нэг шатны сонгуульд оролцоогүй тохиолдолд шууд татан буулгана. Ерөнхий сайдыг томилоход зөвхөн намын бүлэг хуралдаж, Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын бүрэн эрхэд үлдээхээр тусгажээ. Мөн намын хатуу гишүүнчлэлгүй, дэмжигч болон сонгуульт гишүүн гэж байж болно. Нам нэг л данстай байна. Нам дэргэдээ төрийн бус байгууллага, фракц, одон медальтай байж болохгүй. Хамгийн гол нь намын санхүүжилтийн асуудал байдаг. Үүнийг Ерөнхийлөгч намуудыг төсвөөс санхүүжүүлдэг байхаар тусгасан байна. Олгосон мөнгөний 30-аас доошгүй хувийг судалгаа, шинжилгээ хийхдээ зарцуулна гэж тодорхой заах аж. Гэхдээ тайлангаа гаргаж өгөх үүргээсээ татгалзвал санхүүжилтийг нь зогсоох, нөхөн төлүүлэх хүртэл арга хэмжээ авахыг ч хуульчлах гэнэ. Төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх аргаар намуудыг олигархийн халааснаас гаргах ёстой гэж тэрбээр үзжээ. Мөн айлын эхнэр, нөхөр хоёр намаас болж хэрэлдэж, зарим гэр бүл салахдаа тулж улстөржиж байгаа. Үүнийг зогсоохын тулд 3000-аас цөөн хүн амтай сум, сууринд намын нэгж, салбар байгуулахыг хориглоно. Улс төрийн нам зөрчилтэй асуудлаа дотроо шийднэ. Шүүх намын асуудалд оролцохгүй байна гэжээ. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар 801 хүний гарын үсэг цуглуулж чадсан бол нам байгуулж байгаа. Харин дээрх хуулийг баталбал сонгуульд оролцох нам 3001-ээс дээш гишүүнтэй байх аж.

 Төрийн алба ийм болно

 Хүн бүр төрийн албан хаагч болох гэж зүтгэдэг болсон. Гэхдээ Төрийн албаны босгыг өндөрсгөж, хуульд дараах шинэчлэлийг тусгасан байна. Үүнд,

1.Төрийн алба "мерит” буюу чадахуйн зарчимд үндэслэнэ. Төрийн албаны томилгоог өрсөлдөөний зарчмаар, ур чадвар манлайлах чадварыг нь харгалзан хийнэ. Албан тушаал ахих, шагнаж урамшуулахдаа ч ийм зарчим барихаар хуульд тусгажээ. Мөн төрийн алба мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс ангид, залгамж чанартай байх зарчмыг хуульчилж өгсөн.

2.Нэг албан тушаалд таваас доошгүй жил ажиллаж байж тушаал дэвшинэ. Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг даргад томилогдохын тулд 20 жил төрд зүтгэсэн байх шалгуур тавина. Ингэснээр "шахааны” хүн төрд орох, сонгуулийн дараа төрийн алба үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнадаг байдал арилна. 3.Төрийн албан хаагчдад хариуцлага хүлээлгэх тогтолцоог бэхжүүлнэ. Төрийн албан хаагч тангараг өргөх бөгөөд тангаргаасаа буцвал хариуцлага хүлээнэ. Ажлаа хүлээлгэж өгөхгүй, тамга тэмдгээ авч зугтвал дахин төрд ажиллуулахгүй байх хүртэл хариуцлага тооцно. Түүнчлэн төрд учруулсан хохирлыг заавал төлүүлдэг байх зэргээр хариуцлагын тогтолцоог ширхэгчлэн зааж өгөх юм байна.

4.Төрийн албан хаагчид хориглох үйлдлийг хуульчилна. Ингэснээр бүрэн эрхээ урвуулан ашиглах, шан харамж авах, улс төрийн нөлөөлөлд автах нөхцөл хумигдана.

5.Төрийн алба улс төрөөс ангид байна. Яамны Төрийн нарийн бичгийг томилохдоо одоогийн хуулиар хэд хэдэн хүнийг нэр дэвшүүлдэг бол шаардлага хангасан ганц хүнийг л нэр дэвшүүлнэ. Хүлээн зөвшөөрөхгүй татгалзвал сайд болон Ерөнхий сайдтай өөртэй нь хариуцлага тооцно.

6.Төрийн албан хаагчийг хоморголон халах, чөлөөлөхийг хориглоно. Улс төрийн албан тушаалтан болсон тохиолдолд 3+2 зарчим баримтална. Жишээ нь, сайдаар томилогдсон хүн зөвлөх, туслах, хэвлэлийн төлөөлөгчийг чөлөөлж болно. Мөн жолооч зэрэг үйлчилгээний хоёр ажилтныг өөрчлөх эрхтэй. Бусад бүтцийг өөрчлөхгүй. Гэхдээ тэтгэвэрт гарах, шалгаруулалтын дагуу шинээр ажилд орох, хууль зөрчсөн ажилтныг чөлөөлөх зэрэг шалтгаанаар жилд байгууллагын арав хүртэлх хувьд өөрчлөлт хийхээр зохицуулжээ.

7.Төрийн албаны талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй байна. Энэ нь ямар хүн төрийн албаны шалтгалт өгснөөс эхлээд хэнийг халж чөлөөлснийг хүртэл мэдээллийн санд оруулж, тэр нь байнга нээлттэй архивлагдаж байна. Мэдээллийн сангаа өөрчлөөгүй бол хариуцлага хүлээнэ.

8.Сонгон шалгаруулалтад иргэд хяналт тавина. Түүнчлэн иргэд тухайн байгууллагын тайланг шаардаж авах эрхтэй байна.

9.Төрийн албаны зөвлөлийг хариуцлагажуулна. Төрийн албаны зөвлөл өөрөө хариуцлагатай байж, төр хариуцлагатай байна гэдэг зарчим баримтална.

10.Төрийн албаны хууль тогтвортой байна. Жишээ нь, сонгуулийн үр дүнд байгуулсан Засгийн газрын тэргүүн томилсноос хойш нэг жил, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахаас нэг жилийн өмнө Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулахгүй. Хууль батлагдвал төрийн алба ийм болох нь. Ерөнхийлөгч дээрх хуулийн төслүүдийг цахим хуудасдаа байршуулах юм байна. Энэ нь олон нийтийн санал бодлыг нэмж тусгах, зарим заалтыг өөрчлөх зэргээр нэг ёсондоо ард нийтээр хэлэлцүүлэх боломжийг олгох ажээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ийнхүү төслөө тайлбарласны дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 -Улс төрийн намуудыг авсан саналынх нь тоогоор 1000 төгрөгөөр бодож санхүүжилт олгож байгаа. Цаашдаа бүх санхүүжилтийг өгдөг болсноор улсын төсөвт ачаалал үүсэх үү?

 -Улсын төсвөөс санхүүжүүлж буй өнөөдрийн дунджаас хэтрэхгүй юм байна гэж тооцсон. Тиймээс улсын төсөвт айхавтар ачаалал болохгүй.

 -Төрийн өмчит томоохон, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагын томилгооны асуудлыг Төрийн албаны хуульд хэрхэн тусгаж өгсөн бэ?

 -Төрийн өмчит үйлдвэрийн газартай холбоотой гурван хуулийг УИХ-аар батлах шаардлагатай. Засгийн газар үүнийг боловсруулах хэрэгтэй. Төрийн өмчит аж, ахуй нэгжийг одоогийн зарчмаар байгуулахаа больё. Төрийн хувь хэмжээ, стратегийн орд гэж ярих бол оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээр өмчөө эзэмш. Хийж чадахгүй бол тэр хувиа хөрөнгө оруулагчдад өг гэдэг зарчмаа хатуу барья гэж хэлж байсан.

 -Та Ерөнхий сайдаас бусад нь УИХ-ын гишүүн байж болохгүй гэж үзэж хуулийн төсөл өргөн барьсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн өөрчлөлт оруулах гэж байна. Засгийн газрын тухай хуулийг өргөн барихдаа үүнд өөрчлөлт оруулах уу?

 -Энэ хуулийг дахин өргөн барихдаа хугацааг нь бүр тодорхой болгож өгч байгаа. УИХ-ын ээлжит сонгууль болоод түүний дүнгээр байгуулах Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхлэх өдрөөс хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд томилогдсон өдрөөс Засгийн газрын тухай хууль хэрэгжиж эхэлнэ гэсэн үг. Гуравны нэг, эсвэл үндсэн яамдын сайд УИХ- ын гишүүн байх хэрэгтэй гэж байна. Гэхдээ ингэж батлаад л гуравны нэг дээрээ зодолдоод эхэлнэ. Яамдын тоогоо нэмээд үүнийг тойроод гарчих арга бий. Одоо УИХ-д нэр дэвших хүмүүс гишүүн болбол намын дарга, олон хүний санал авбал Ерөнхий сайд болж болно. Бусад суудал хаалттай гэдгийг бодолцох хэрэгтэй. Ер нь сайд заавал намын гишүүн байх шаардлагагүй. Тухайн салбартаа хамгийн нэр хүндтэй, сайн ажилтан байхад Ерөнхий сайд оруулж ирж болно. Ингэсэн тохиолдолд УИХ-д мэргэжлийн, хууль ярих гэж өрсөлдөж орж ирэх боломж гарна.

 -УИХ-ын гишүүн болсон хойноо намаа сольдог байдлыг Улс төрийн намын тухай хуульд зохицуулж байгаа юу?

 -УИХ, ИТХ-д сонгогдож орж ирээд намаа сольдог асуудлыг маш тодорхой зохицуулж байгаа. Намаа сольж орж ирсэн тал нь гишүүний тоогоо нэмж тооцдогийг болиулна. Мөн намаас гарч байгаа гишүүнийг дараа нь сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх эрхийг олгоно.

 -АТГ-аас мөрдөн шалгах эрхийг шилжүүлэх төслийг Н.Алтанхуяг гишүүн санаачилсан. Гэхдээ ҮАБЗ хэлэлцэхийг хойшлуулсан. Тэгэхээр таныг хойшлуулсан гэж ойлгох уу?

 -Авлигатай тэмцэнэ гэдэг хэцүү. Авлига нэг хэсэг Монгол Улсын хамгийн тулгамдсан асуудал байсан. Дураараа дургидаг, албан тушаалтай л бол болно гэдэг байсан нь ерөнхийдөө дарагдаад байна. Шилэн дансны хууль гарч сумын даргаасаа эхлээд мөнгөний асуудал дээр гарын үсэг зурахдаа хуулиа хардаг болсон. Иймэрхий байдлаар хяналт тавьж байгаа. Авлигатай тэмцэнэ гэдэг ард түм- нээ хамгаална гэсэн үг. Ер нь хүний эрхийг зөрчиж болохгүй. Хэрэг илрүүлнэ гэдэг нэрээр олон хоног хорьж, байцаадгийг таслан зогсоох хэрэгтэй. Н.Алтанхуягтай уулзаж "Янз бүрийн гомдол санал байвал нээлттэй ярь” гэж маш тодорхой хэлсэн. Төрийн албанаас халагдсан хүмүүсийн асуудлаар Өргөдлийн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Түүнтэй адил Хууль зүйн байнгын хороо ийм хэлэлцүүлэг хийсэн ч болно шүү дээ.

 М.Алтанцэцэг


Санал болгох

Сэтгэгдэл

top