Найз бүсгүйгээ зодож амийг нь хөнөөсөн хэрэгт сэжиглэн, шалгуулж байсан Г.Алтанхүүд холбогдох анхан шатны шүүх хурал энэ сарын 5-нд дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болсон. Шүүхээс шүүгдэгч Г.Алтанхүүг хүндэвтэр гэмтэл учруулсан үндэслэлээр гурван жилийн хорих ял оноосон билээ. Тодруулбал, шүүх сэжигтнийг найз бүсгүйнхээ аминд хүрээгүй гэж үзсэн юм. Шүүхийн шийдвэрт хохирогчийн ар гэрийнхэн ямар байр суурьтай байгаа талаар талийгаачийн ээж Д.Дуламсүрэнтэй ярилцлаа.
-Г.Алтанхүүг таны охины амь насанд хүрээгүй гэж үзээд гурван жилийн ял оноолоо. Өөрөөр хэлбэл, зодож гэмтээсэн ч үхэлд хүрэх шалтгаан болоогүй гэж үзсэн бололтой?
-Ямар нэгэн гэмтэл бэртэлгүй хүнийг ГССҮТ хүлээж авахгүй шүү дээ. Гэмтчихээд миний охин амьд байсан. Хамаг бие нь хөх няц болж хавдсаныг эмч нар хэлсэн. Гэтэл шүүх шинжилгээний эмнэлгийн эмч нарын анхны дүгнэлтэд "Архины гүн хордлогод орсон, ямар нэгэн гадны нөлөөгүй” гэж гарсан. Мэдээж бид энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй. Гомдолтой байсан учраас хоёр дахь шинжилгээг хийлгэж, дүгнэлт гаргаж өгөхийг шаардахад "Цөсөнд өөрчлөлттэй” гэсэн. Тиймээс доктор, профессор эмч нарын баг гарч, цогцсыг нь хөндөж дахин эд эрхтнийг нь шинжлүүлсэн.
Өөрөөр хэлбэл, шинжээчдийн гурав дахь дүгнэлтээр "Талийгаачийн цөс хэвлийн хөндийд их хэмжээгээр тархсан. Энэ нь өвчний улмаас биш гэмтлийн улмаас цусанд тархсан байна. Энэ гэмтэл цохилт, доргилтын улмаас үүсэх боломжтой” гэж гарсан. Энэ тухайгаа сая эмч нар шүүх хурлын үеэр шүүгчдэд маш тодор хой танилцуулсан. Шүүхийн шинжилгээний үндэсний төв үхлийн шалтгааныг хоёр шалтгаантай гэж үзсэн.
Нэг нь архинаас хордсон, хоёрт цөс шүүрсэн гэсэн. Ингээд хэрэг гарснаас хойш дээрх дүгнэлтээс болж маш их маргаан үүссэн. Өнгөрсөн шүүх хуралд эд эсийн шинжилгээ хийдэг эмч нь оролцоод "Би шарилаас нь ухаж авчирсан эд эрхтнийг нь шинжилж үзэхэд тухайн үед цус харвалт байсан” гэж хэлсэн.
Ер нь бол амьд байхад нь буюу ГССҮТ-д хүргэгдсэн даруйд хагалгаанд оруулж, цөсийг нь шинжилгээнд оруулсан. Энэ эсийн шинжилгээгээр цөсөнд өөрчлөлттэй байсан. Өөрөөр хэлбэл, амин эрхтэн болох цөс ажиллахгүй болсон гэсэн үг.
-Шүүх хуралд эцсийн байдлаар шинжилгээ хийсэн шинжээч эмч нар оролцож дүгнэлтээ танилцуулсан байна. Гэтэл анхан шатны шүүх хурлаас Г.Алтанхүүд гурван жилийн ял оноолоо. Энэ ямар учиртай вэ?
-Шүүх шинжилгээний эхний дүгнэлтүүдэд "Г.Алтанхүү энэ гэмт хэрэгт холбогдолгүй байна” гэж гарсан. Харин хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан, архинд хордсон гэсэн гурван янзын зүйл ярьдаг.
Шүүх Г.Алтанхүүг талийгаачийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан байна гэж үзээд гурван жилийн ял оноосон. Тэгэхээр шүүхийн шинжээчдийн багийн гаргасан "Амин эрхтнийг нь ажиллагаагүй болгосон” гэсэн дүгнэлтийг авч хэлэлцэхгүйгээр шийдвэрээ гаргалаа. Үүнд бид гомдолтой байна.
Тиймээс дараа дараагийн шатны шүүх хуралд гомдол гаргана. Ээж хүний хувьд шүүхээс гурван жилийн ял оноож байгааг сонсоод шүүхийн танхимд бараг ухаан алдаж унах шахсан. Би дор хаяж арван жилийн ял авна гэж бодож байсан. Миний охин Г.Алтанхүүтэй дөрвөн сар хамт амьдарсан. Би хэзээ ч охиноо архины хордлогод орсон гэж бодохгүй байгаа.
Хэрэв архины хордлого болтлоо уусан бол түүний шахалт дарамтад ороод л уусан байх. Шинжилгээ хийсэн эмч нар хүртэл "Архины хордлогод орсон хүний бие эрхтэн хэзээ ч ийм байдаггүй” гэсэн. Өөрөөр хэлбэл, цөс цусанд шүүрсэн нь гэмтлээс үүдэлтэй гэдгийг хэлээд байна.
-Талийгаач айлын ганц охин гэсэн үү?
-Охиноо гарснаас хойш нэг хүү өргөж авсан. Талийгаач маань айлын ганц охин байсан шүү дээ. Би охиноо алдсанаас хойш үнэхээр байж суух газраа олохгүй байна. "Г.Алтанхүүгийн ар гэрийнхэн талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзжээ”, "Найз охиныхоо гэр бүлээс уйчлалт гуйлаа” гэсэн мэдээлэл цахим сайтуудад гарсан байна гэсэн. Би интернэт орох нь битгий хэл гэрт байгаа зурагтаа ч бараг асааж чаддаггүй хүн л дээ.
Тэд бидэнтэй уулзаагүй, утсаар ч яриагүй. Ийм мэдээлэл гаргаж байгаа нь дараагийн шатны шүүхээр ялаа хөнгөрүүлэх гэсэн нэг арга байх. Ингэж ард түмнийг хуурч болохгүй шүү дээ. Биднийг хөдөөний хүмүүс юу ч мэдэхгүй гэж бодож байгаа байх. Уг нь монгол хүний жудгаар бол бидэн дээр эмгэнэл илэрхийлээд хүрээд ирмээр дээ. Магадгүй тэдний талаас хэвлэлээр ингэж бичвэл хүмүүс тэднийг зөв нүдээр харах байх гэж бодож байгаа байх. Би өнөөдөр шүүхээр яваад миний охин босоод ирэх биш гээд орхиж болно.
Гэтэл энэ харгис хэрцгий хүн ял завшиж, дахиад нэг ээжийн охиныг ийм болгочихвий гэсэн дээ үнэн мөнийг нь тодруулахын тулд эцсийг нь хүртэл явна гэж бодож байна.
-Хамгийн анхны дүгнэлтээр яагаад архи хэрэглэсэн гэж гаргасан юм бол. Дараагийн хоёр дүгнэлт цөс гэмтсэн гэж гарсан юм байна. Үүнийг та юу гэж бодож байна вэ?
-Шүүх хурал товлосноос хойш олон удаа буцлаа. Би тэр бүрт орон нутгаас хотод ирсэн. Хамгийн сүүлд дүгнэлт гаргасан эмч нарыг хүртэл байцаалт авсан. Байцаалт өгч байсан хүний гавьяат эмч "Хордлогод орсон хүн ийм байдаггүй юм шүү” гэж хэлсэн. Мөн АШУҮИС-ийн хүний их эмч Туул шүүх хурлын үеэр "Цөсний суваг цохилт, доргилтоос болж гэмтсэн. Архи хэрэглээгүй байсан” гэдгийг хэлсэн.
Ингэж хэлээд байхад ийм шийдвэр гаргаад байгаа шүүхийнхийг эгч нь үнэхээр гайхаж байна. Саяын шүүх хуралд гурван эмч оролцсон. Гэмтлийн эмч Эрдэнэбилэг "Гадны гэмтэл байсан” гэдгийг шүүх хурлын үеэр хэлсэн. Гэтэл анхны задлан шинжилгээнд орсон Шүүх шинжилгээний үндэсний төвийн эмч Б.Долгормаа хүний ой тойнд багтамгүй, сонин зүйл хэлсэн. Энэ эмч шинжээчдээс ганцаараа задланд орсон юм билээ. Хамгийн анхны шинжилгээ шүү дээ. Сүхбаатар дүүргийн мөрдөн байцаагч нар болох Б.Буянт, Н.Билгүүн гэсэн хүмүүстэй хамт шинжээч эмч Б.Долгормаа 2013 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр задлан хийсэн байсан.
Тиймээс бид "Яагаад ганц эмч орж байгаа юм бэ” гээд дахиад гурван эмчийн хамт маргааш нь дахин шинжилгээ хийлгэсэн. Гэтэл шүүх хурал дээр Б.Долгормаа эмч "Шүүх эмнэлгээс би ганцаараа задланд орсон. Гэхдээ би гартаа бээлийтэй байсан учраас протоколоо хүнээр гуйж бичүүлсэн. Тэгэхэд миний хэлснийг протокол хөтөлж байсан хүн дутуу орхиж бичсэн зүйл байх шиг байна” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, хамгийн анх шинжилгээ хийсэн Б.Долгормаа гадны нөлөөтэй, амь насанд нь хүрсэн шалтгааныг нь бичээгүй.
Үүнээс болоод дараа дараагийн шүүх шинжилгээний багийнхны гаргасан дүгнэлтэд "Амь насанд хүрээгүй” гэдэг байдлаар тусгагдаад явсан. Хүний алтан амь хохирчихоод байхад "Миний хэлсэн зүйлийг бичээгүй юм байлгүй дээ” гээд шүүгчийн өмнө зогсч байгаад гомдохгүй байхын аргагүй. Ийм хариуцлагагүй зүйл гэж байдаг юм уу. /уйлав/
-Тухайн эмчийг ингэж хэлэхэд шүүх бүрэлдэхүүн ямар нэгэн зүйл асууж лавлаагүй юм уу?
-Улсын яллагч түүнээс "Энэ протоколыг хэн бичих ёстой вэ” гэж асуухад "Би бичих ёстой байсан” гэж хэлж байгаа юм. Манай өмгөөлөгч "Үүнд хэн хариуцлага хүлээх вэ” гэхэд "Би хэлж мэдэхгүй байна” гэсэн хариулт өгсөн. Иймээс би Б.Долгормаа эмчид гомдол гаргана.
-Б.Долгормаа эмч одоо ажил үүргээ гүйцэтгэж байгаа юу?
-Тийм. Хоёр Долгормаа байдаг юм билээ. Жижиг Б.Долгормаа гэдэг юм билээ. Төрийн өмнө тангараг өргөсөн эмч хүн ийм хариуцлагагүй зүйл хийсний улмаас үхсэн хүний хохь болж, хэрэгтэн хүн нь ял завшиж байна шүү дээ. Энэ эмчийн ингэж хэлснийг хэвлэлийнхэн тэр бүр байгаагүй учраас мэдээгүй байх. Шүүх хурал дээр байсан бүх хүн үүнийг сонссон. Шүүхийн протоколд ч бичсэн байх.
-Таны хувьд шинжээч эмчээс гадна шүүгчдэд нэлээд гомдолтой байгаа юм аа даа?
-Тэгэхээс яалтай билээ. Хамгийн сүүлд гарсан дүгнэлтийг эмч нар нь шүүх хуралд оролцоод тайлбарлаад байхад шүүгч нь авч хэлэлцэхгүй байна шүү дээ. Арай ч дээ л гэж хэлмээр байна.
-Охин тань Г.Алтанхүүтэй хамт амьдарч байгаа талаараа хэлж байсан байх. Ямар нэгэн дарамт шахалт байдаг гэж дуулгаж байв уу?
-"Ээж ээ, би найз залуутайгаа хамт амьдарч байгаа” гэж байсан. Эгч нь орон нутагт амьдардаг болохоор яаж ийм хүнтэй байгаа гэж бодох юм бэ. Манайх чинь хоёр хүүхэдтэй маш амгалан тайван амьдралтай айл шүү дээ. Миний охин ч сурлагатай, даруу төлөв, хүний хүүхдийн л адил гэнэн нэгэн байсан. ИЗИС төгсөөд, Японд сураад ирсэн. Магадгүй тийм хүчирхийлэл мэдэхгүй учраас арай ч зодож байгаад алчих юм чинээ бодоогүй байх л даа. Тэр хоёр 2013 оны долдугаар сарын 10-нд хамт амьдарч байгаа гэдгээ хэлсэн. Тэгэхээр дөрвөн сар л хамт амьдарсан гэсэн үг.
Хамгийн гол нь яагаад ээждээ ийм хэцүү, хүнд байгаагаа хэлээгүй юм бол гэж гайхдаг. Би нийслэлээс 900 гаруй км-ийн цаана амьдардаг учраас охиноо яаж, зүдэрч, хүний гарт орсныг мэдээгүйдээ одоо болтол харамсдаг. Ойрхон байсан бол эх хүн чинь хэлэхгүй ч гэсэн гадарлана шүү дээ. /хоолой нь зангирав/
-Шүүхийн тогтоолоо гардаж аваагүй байгаа юу. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргана биз дээ?
-Шүүх гуравхан жилийн ял оноосонд үнэхээр гомдолтой байна. Тиймээс дараагийн шатны бүх шүүхэд хандана. Хамгийн сүүлд Ерөн хийлөгч Ц.Элбэгдоржид гомдол гаргана. "Яагаад иргэд нь ингэж алтан амиа алдаад байхад та чимээгүй байгаад байна вэ” гэдэгт хариу авна. Ерөнхийлөгч шүүх, прокурорын удирдлагуудыг томилдог. Гэтэл шүүх, хуулийнхан ингэж ажиллаад байвал Монгол Улсын иргэн бид хэндээ хандах юм бэ.
Б.Цэцэгдэлгэр