|

Ямар үед ямар цэцэг бэлэглэх вэ?

mart 2020/01/31 161 0

Ямар ч үед, ямар ч хүнд бэлэглэх хамгийн тохиромжтой бэлэг бол цэцэг юм. Мэдээж тухайн хүн ургамлын харшилгүй бол шүү дээ. Ямар тохиолдолд, хэнд, ямар цэцэг бэлэглэх нь уламжлал, ёс зүйн мэдлэгтэй байхыг танаас шаардана.

Цэцгийн хэлийг анх эрх чөлөөгүй боогдмол амьдралтай байсан дорно дахины эмэгтэйчүүд зохиожээ. Тэд хайр дурлал, баяр жаргал, уйтгар гуниг зэрэг сэтгэлийн хөдөлгөөнөө цэцгээр илэрхийлдэг байв. Энэ нь эхэндээ тун энгийн байсан бол цаашид улам боловсронгуй болсоор цэцгээр харилцах хэмжээнд хүрчээ.

Цэцэгсийн илэрхийлэх утга, бэлгэдэл:

  • Хэлгий цэцэг – Уулзахыг хүсч байна. /Цэцгийн тоогоор уулзах өдрийг заана./
  • Хонхон цэцэг – Мөн уулзалтыг бэлгэдэх бөгөөд цэцгийн тоо нь болзооны цагийг хэлдэг. 
  • Шар алтан зул – Баяр баясгалан, аз жаргалыг бэлгэднэ. /Ихэвчлэн хүүхдэд бэлэглэдэг/
  • Хонгор зул – Итгэл найдвар
  • Хадаасан цэцэг – Сонголт
  • Дурсгал цэцэг буюу хонин зангуу – Андгай тангараг, амлалт
  • Балжингарав – Зөвшилцөл, харилцан ойлголцол
  • Сараана – Цэвэр ариун байдал
  • Сарнай – Хайр сэтгэл, дурлал
  • Хонхлой буюу май цэцэг – Шинэчлэл, сэргэлт
  • Алтанзул – Үнэн голоосоо итгэн бишрэх
  • Нарангарав  Уучлал эрж байгааг тус тус илэрхийлдэг.

1. ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БУЙ ХҮНД

Эмнэлэгт хэвтэж буй хүнд цэцэг өгөхдөө тухайн хүний ивээл цэцгийг сонгох нь зүйтэй. Төрсөн сар өдөр, од гарагсийн ивээлээр зохицож сайн нөлөө үзүүлдэг цэцгийг ивээл цэцэг гэдэг байна. Эргэж буй хүнийхээ дуртай цэцгийг өгч болох нь мэдээж ч дараах зүйлсийг анхаарна. Үүнд:

  • Зөвхөн эдгэрч, биеийн байдал сайжирсан үед л цэцэг бэлэглэх
  • Цагаан өнгөтэй цэцэг бэлэглэхгүй байх
  • Хэт тод өнгөтэй, хурц үнэртэй цэцэг сонгохгүй байх
  • Арчлах, санаа тавих нөхцөл боломж муу учир их том баглаа байх нь зохимжгүй. Лонх, шилэнд багтахуйц жижиг баглаа цэцэг авч очих 
  • Японд савтай (үндэстэй) цэцэг өгөхгүй байх
  • Мөн өөрийн биеэр эргэх боломжгүй үед нэрийн хуудас, эсвэл товч зурвас болон эрүүл энхийг хүссэн ил захидлын хамт цэцэг илгээж болно. 

2. ГЭР БҮЛИЙН БАЯРТ

Шинэ хүн мэндлэх, гэр бүлийн баяр, төрсөн өдрийн баяр зэрэгт уригдвал гэрийн эзэгтэйд цэцэг барьж очих хэрэгтэй. Ивээл цэцэг болон сарнай, сараана, хонгорзул, голт бор, хонхлой, нил цэцэг зэргийг бэлэглэнэ. Тухайлбал нялх биетэй эхэд охин төрүүлсэн бол ягаан сарнай, хүү төрүүлсэн бол бусад цэцгийг, хүүхдэд нь голдуу алтан зул бэлэглэдэг. 

3. ШАГНАЛ ХҮРТСЭН ХҮНД 

Нэрт жүжигчин, тамирчинд шүтэн бишрэгчдээс нь барих, уран бүтээлийн үдэшлэг болон хөдөлмөрийн алдраа тэмдэглэж буй хүнд башир буюу лиш цэцэг хамгийн нүдээ олсон бэлэг болно. 

4. ЭРЭГТЭЙ ХҮНД

Эрэгтэй хүнд ихэвчлэн цэнхэр хөх өнгийн цэцэг барьдаг ба эр хүн эр хүндээ нил өнгийн цэцэг бэлэглэдэггүй. 

5. ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭХ

Эмгэнэл илэрхийлсэн баглаа цэцгийг оршуулах ёс өнгөрсөн хойно гэр рүү нь илгээдэг. Ингэхдээ эмгэнэл илэрхийлсэн товч захидал баглаан дотор нь хийнэ. Улс орон бүр өөр ёс журам баримталдаг гэдгийг мартаж болохгүй. Жишээлбэл хонин зангуу буюу дурсгал цэцгийг Орос, Украйн, Беларусь улсын ард түмэн нас барсан хүний гэгээн дурсгалд зориулдаг бол Англичууд хайр дурлалаа илэрхийлэхдээ ашигладаг. 

Дэлхийн ихэнх улс гүрэнд цагаан өнгийн цэцгээр уй гашуйг илэрхийлдэг ёс байхад Америк улсад цэвэр ариун байдал, нэг нэгэндээ үнэнч явсны бэлэг тэмдэг болгон хуримын ойгоор бэлэглэдэг байна. 

Япон улсад нил ягаан өнгийн цэцэг эмгэнэл, гашуудлын бэлэг тэмдэг болдог бол Европын орнуудад найрамдал, нөхөрлөл, элбэг тансаг байдал, эрхэм чанарын бэлгэ тэмдэг болдог. Мөн Христийн ёсонд гашуудлын үед тэгш, баяр ёслолд сондгой тоотой цэцэг бэлэглэдэг байтал ямар ч үед цэцгийн тоо харгалздаггүй улс орон ч бий. Харин булшин дээр баглаа цэцэг тавьж буй хүн талийгаачид илэрхийлэх утга санаанаас шалтгаалан янз бүрийн цэцэг сонгож болно. 

6. БУСАД АНХААРАХ ЗҮЙЛС

  • Цэцгийг хүлээн авч буй хүн ваартай цэцгэнд дуртай тохиолдолд л ваартай цэцэг бэлэглээрэй.
  • Албан газар, байгууллага, компанийн ойд л нэрэмжит баярт ваартай цэцэг бэлэглэх ба цэцгээ зочин өөрөө авч очилгүй заавал урьдчилан хүргүүлнэ. Ийм тохиолдолд бэлэглэгч хүн болон байгууллагын нэр, мэндчилгээ зэргийг бичсэн туузаар цэцгээ чимэх нь маш зохимжтой байдаг. 
  • Сагстай цэцгийг залуу эмэгтэйд бэлэглэдэггүй.

Санал болгох

Сэтгэгдэл

top