|

45 хүнийг “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагналаа

magnai 2015/10/05 969 0

45 хүнийг “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагналаа

Энэ сарын 10-нд Монголын багш нарын баярын өдөр тохиож байна. Дээрх баярыг манай улс 49 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай аймгийн ЕБС-д 900 гаруй, СӨБ-ын байгууллагад 200 гаруй багш ажиллаж байна.

Тэгвэл энэ удаагийн Монголын багш нарын баярын өдөр манай аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгт ажиллаж буй багш нар баярын хурлаа хийлээ. Уг хуралд УИХ-ын гишүүн О.Содбилэг, АИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцсон. Энэ үеэр 200 орчим багш салбар яам болон орон нутгийн засаг захиргааны шагналыг хүртлээ.

Тодруулбал, Боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан 45 хүнийг Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр, Хөдөлмөрийн Яамны тэргүүний ажилтнаар 3, БСШУЯ-ы Жуух бичгээр 58, АИТХ-ын шагналаар 18, АЗДТГ-ын Хүндэт тэмдгээр 5, Жуух бичгээр 27 шагнагдлаа. Мөн Баян-Өндөр сумын ИТХ, ЗДТГ, Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн шагналаар хэд хэдэн хүнийг шагнаж урамшуулжээ. Түүнчлэн аймгийн Боловсрол Соёлын газраас шилдэг анги удирдсан багш, мэргэжлийн аварга, төрийн болон төрийн бус өмчийн тэргүүний сургууль, цэцэрлэгийг шалгаруулсан байна.

Энэ хичээлийн жилийн хувьд бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг туршин хэрэгжүүлж байна. Үүнийг боловсролын салбарынхан түүхэн үйл явдал хэмээн дүгнэж байгаа юм. Энэ онд манай аймгийн боловсролын салбарт 2,9 тэрбум, Орон нутгийн төсвөөс 3.4 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн. Дээрх хөрөнгийг сургууль, цэцэрлэгийн их засвар, тоног төхөөрөмжөөр хангах болон бусад үйл ажиллагаанд зарцуулжээ. Эдгээр хөрөнгө оруулалт, бодлоо хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг оролцоо чухлыг аймгийн Боловсрол, Соёлын газрын дарга баярын илтгэлдээ онцоллоо.

erdenetinfo.mn


 

Санал болгох

Сэтгэгдэл

top