Дархан-Уул аймгийн ИТХ хуралдаж, Засаг дарга С.Насанбат болон ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн нарыг огцруулсан. Тодруулбал, ИТХ-ын 31 гишүүнээс, МАН-аас арав, АН-аас ес, Шударга ёс эвслээс хоёр нийт 21 гишүүний ирцтэйгээр хуралдсан байгаа юм. Тэдний оронд Дархан-Уулын аймгийн Засаг даргаар МАН-ын гишүүн А.Энхболдыг, ИТХ-ын даргаар АН-ын бүлгийн дарга П.Эрдэнэбатыг сонгосон юм.
Дархан-Уул аймгийн ИТХ-ын гаргасан уг шийдвэр нэлээд маргаан дагуулаад байгаа. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа үүнийг хууль зөрчиж, аймгийн Засаг даргын эрхийг авсан гэж үзэж буйгаа хэлсэн. Гэтэл бодит байдал дээр ИТХ олонхиороо шийдвэрээ гаргасан учир олонхийнхоо байр суурийг дагана гэж гишүүд нь хэлж байгаа.
Гэтэл өчигдөр МАН ИТХ-ын зарим гишүүнээ намаасаа хөөжээ. Учир нь гэвэл Аймгийн Засаг дарга С.Насанбат, ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн нарыг огцруулах хуралд сууж, гар бие оролцсон гэж ийнхүү Ардын намын гишүүдээ хөөсөн байна. Монгол Ардын намын тэргүүлэгчдийн хурлаар олонхи нь тэднийг хөөх нь зөв гэж үзжээ. Тэд ийнхүү гишүүдээ хөөж, дургүйцлээ илэрхийлэв бололтой.
Х.Наранжаргал
www.tsenzurgui.mn