|

Пентагон агаарын цохилтоо нэмэгдүүлнэ

namuunaa 2015/10/31 811 24

Пентагон "Исламын улс”-ын мэдэлд байдаг Сири дэх газрын тосны байгууламжуудад өгөх агаарын цохилтоо нэг шат ахиулахаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, АНУ жихадуудын эсрэг цэргийн стратегиа сайжруулахаар болсон байна.

Хамтарсан штабын шинээр томилогдсон ахлагч, генерал Жозеф Данфорд "Жихадуудын эзэмшдэг газрын тосны байгууламжуудыг устгахын тулд АНУ агаарын дайралтаа ширүүсгэх хэрэгтэй” гэж мягмар гарагт хэлэв.

 

Пентагон Сири дэх "Исламын улс”-ын байрлалууд руу эрчимтэй довтлох төлөвлөгөөтэй байсан. Мөн жихадуудын эсрэг тулалдаж байгаа тэр дундаа Ирак дахь тэргүүн шугамд Америкийн цэргийн хүчнийг байршуулах тухай санаагаа ч эргэн харж байсан.

"Бид зорилгоо биелүүлэхийн тулд агаарын, газрын дайралтаасаа ухрахгүй” хэмээн АНУ-ын Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Эштон Картер Сенатуудын өмнө хэлсэн байна.

Обамагийн засаг захиргааны хувьд Сирийн зөрчил дэх ОХУ-ын шууд оролцоо болон Асадаас засаглалын эрх мэдлийг авах босогчдыг сургах хөтөлбөр нь бүтэлгүйтсэний дараагаар "Исламын улс”-ын эсрэг цэргийн ажиллагаагаа өргөжүүлэх нь ихээхэн хүндрэлтэй болж ирсэн юм.

"Исламын улс” газрын тосны борлуулалтаасаа их хэмжээний орлого олдог бөгөөд АНУ-аар удирдуулсан олон улсын эвсэл тэдний санхүүгийн эх үүсвэрийг хамтын зүтгэлээр устгах ёстой гэдгийг албаныхан хүлээн зөвшөөрч буй.

Өмнө нь, "Исламын улс”- ын эсрэг агаарын дайралтаа ихэвчлэн газрын тосны байгууламжууд руу чиглүүлж байсан бөгөөд нэг жил гаруй үргэлжилсэн ажиллагааны үр дүнд исламын хэт даврагчдын орлого үлэмж багассан талаар АНУ-ын албаныхан бахархалтай мэдэгдэж байсан. Гэхдээ энэ бүхний дараа "Исламын улс” газрын тосноос жилд 500 сая ам.доллар олж байгааг дээд албаныхан ил болгосон юм. "Исламын хэт даврагчид газрын тосны борлуулалтаас дотроосоо санаанд оромгүй их мөнгө босгож чаддаг. Нефть тэдний хувьд одоо хэр нь ашигтай бизнес байсаар байна” хэмээн цэргийн мэргэжилтнүүд тайлбарласан юм.

Америкийн цэргийн албаныхан өнгөрсөн долоо хоногт Сирийн зүүн хэсэгт байрлах Ал-Омарын нефтийн орд руу агаарын дайралт хийжээ. Ал- Омар бол "Исламын улс”-ын газрын тосны үйлдвэрлэлийн төв аж. "Бид тэднийг газрын тосноос мөнгө олох аргагүй болтол дайралтаа идэвхжүүлэх ёстой” хэмээн генерал Жозеф Данфорд мягмар гарагт мэдэгдсэн байна.

Харин ноён Картер нефтийн цооног, байгууламжуудыг бөмбөгдөх нь "Исламын улс”-ын толгойлогчид төвлөрдөг Сири дэх бүлэглэлүүдийн эсрэг чангатгасан агаарын ажиллагааны нэг хэсэг гэдгийг хэлэв. Мөн АНУ "Исламын улс”-ын Сирийн нийслэл гэж нэрлэсэн Раккад байрласан сөрөг хүчний босогчдыг дэмжих дэмжлэгээ нэмэгдүүлэх юм. "Газар дээр болон агаараас явуулж буй цэргийн ажиллагааны үр дүнд "Исламын улс”-ын эзэмшил газар нутаг улам бүр агшсаар байх болно” гэдгийг ноён Картер онцлов. Гэхдээ тэрбээр, Пентагон Сирийн агаарын хилд аюулгүйн болон нислэггүй бүс байгуулах талаар ямар ч санал гаргаагүй гэдгийг бас хэлэв.

Генерал Жозеф Данфорд хэт даврагчдын эсрэг тэргүүн шугамд дайтаж буй Иракийн цэргүүдтэй хамт Америкийн зэвсэгт хүчнийг дайчлах талаар санал оруулсан ч шийдвэр хараахан гараагүй байгаа гэдгийг хэлсэн байна. Иракийн цэргийн тусламжтай "Исламын улс”-ын мэдэлд орсон хотуудыг авах ажиллагаанд АНУ-ын цэргийн хүчин шууд оролцох хэрэгтэй байгааг Пентагон жил гаруй ярьж байгаа билээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top