Уртаас урт 13 минутын дараа ирсэн дэлхийн аваргын алтан медаль. Д.Сумъяа дэлхийн аваргын татамид 57 кг-ын жинд А хэсгийн тэргүүлэн барилдаж, эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Европын аварга, багийн дэлхийн аварга, Лондонгийн олимпийн хүрэл медальт, Францын жүдоч Присцилла Ньетог, дараагийн барилдаандаа Хонконгийн тамирчин Льюн По Сумыг цэвэр ялснаар шөвгийн наймд шалгарсан. Улмаар хэсгийн аваргын төлөө БНСУ-ын жүдоч Квон Юү-жёныг вазари үнэлгээгээр, хагас шигшээд Панамын жүдоч Мирьям Роперыг цаг дуусахаас 2:38 минут дутуу байхад цэвэр ялсан юм.
Гавьяат тамирчин Д.Сумъяа ийнхүү Монгол Улсаас төрсөн дөрөв дэх дэлхийн аварга, хоёр дахь эмэгтэй аварга, ДАШТ-ээс хос медаль хүртсэн мөн дөрөв дэх жүдоч болж байна. Баярлаж, бахархаж, хайрлахгүй байхын аргагүй баатар юм аа, Д.Сумъяа
Тэмцээний гурав дахь өдөр мөн хүрэл медаль хүртэж, дэлхийд чансаатай бөхчүүдийн эгнээнд багтсан Г.Одбаяртаа баяр хүргэе. Г.Одбаяр бол олон жил жүдод хөлс, хөдөлмөрөө зориулж яваа, энэ медалийг энгэртээ зүүх цаг нь ирсэн тамирчин. Тэр маш даруу төлөв, тамирчныхаа хувьд сахилга бат, хувь хүнийхээ тал дээр үлгэр жишээ болохоор ухаалаг тамирчин. Дэлхийн аваргаас медаль хүртчихээд хэрхэн биеэ авч яваа байдал нь энэ занг нь илэрхийлж, олон олон хүний хүндлэлийг татсан биз ээ
Ийнхүү дэлхийн аваргад өрсөлдөж байгаа Монголын жүдочид гурван өдрийн дараах байдлаар "Будапешт-2017” ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртээд байна. Энэ бол нэг дэлхийн аваргаас хүртсэн медалийн тоогоороо тэргүүлэх үзүүлэлт юм.
Монголын жүдочид дэлхийн 4 аваргатай, тэр дөрөв маань дөрвүүлээ дэлхийн хошой медальтнууд боллоо.
ДЭЛХИЙН АВАРГААС МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН ЖҮДОЧИД
Алтан медаль:
- Х.Цагаанбаатар (2009 он)
- М.Уранцэцэг (2013 он)
- Г.Болдбаатар (2014 он)
- Д.Сумъяа (2015)
Мөнгөн медаль:
- О.Балжинням (1989 он)
- Д.Амартүвшин: (2013 он)
- М.Уранцэцэг (2017 он)
Хүрэл медаль:
- Д.Баттулга (1989 он)
- Х.Эрдэнэт-Од (2005 он)
- Х.Цагаанбаатар (2010 он)
- М.Бундмаа (2010 он)
- С.Ням-Очир (2015)
- Д.Сумъяа (2015)
- Ц.Мөнхзаяа (2015)
- Г.Болдбаатар (2017 он)