Манай олонхи компани 90-ээд оны үеийн гэр бүлийн хэлхээ холбоонд суурилсан удирдлагын тогтолцооноосоо салаагүй байна. Нөхөр нь захирал эхнэр нь дэд захирал охин хүү нь ерөнхий нягтлан гээд цаашаагаа хүргэн бэр үеэлүүдийн шат үргэлжилдэг. Гэр бүлийн хэлхээг итгэл даах найдвартай гэж ярьдаг. Нэгэн үе Төв усан бассейны захирал байсан "Шударга иргэдийн фронт”-ын Г.Арслан санхүүгээ бас л эхнэрийнхээ талд өгсөн байсан нь хотын захирагчийн албаны шалгалтаар илэрсэн. "Фронтчин” үүнийгээ надад итгэл найдвартай хүн хэрэгтэй байсан учраас гэж тайлбарласан гэдэг. Эхэн үедээ эв найрамдалтай байсан гэр бүлийн холбоо эдийн засгийн хямралаас үүдэлтэй эрх мэдэл, ашиг орлогийн хувиарлалтаас болон задарч эхэлжээ. Үүний нэг жишээ саяхан "Сан таун” гэдэг компанид гарч бүр биедээ гэмтэл учруулсан тул шүүх цагдаадаа тулжээ. Компаний захирал дунд эгч нь дүүгээ гэмтээгээд сая гаруй төгрөгөөр торгуулаад салжээ. Хамаатан садан улс атлаа мөрдөн байцаалтын шатанд эвлэрч учир зүйгээ олж чадаагүй нь маш хурцадсан бизнесийн эрх ашгаас болсон бололтой.
NUUTS.mn