Манай улс юугаар баян малаар баян. Үүнийг энэ жилийн мал тооллогоор улсын хэмжээнд 52 сая толгой мал тоологдсоноос харж болно. Энэ тоог гурван сая хүн амтайгаа харьцуулж үзвэл "махчин” монголчууд махаар гачигдаж, махны үнэнд дарлуулах улс биш гэсэн үг.
Гэвч бид саяхныг хүртэл махны үнэнд дарлуулж, үнэ нь 10 мянган төгрөг рүү дөхөж байв. Улмаар "Нөөцийн мах”-нд орж, эгэл борчуудын хоол нь гэдэс цувдай болж байсан гэхэд нэг их хилсдэхгүй. Үүнд ч ард түмэн бухимдаж малчид малаа өсгөх тал дээр анхаарч, ченжүүд голд нь махны үнийг нугалаж байна гэх ойлголттой байв.
Харин өдгөө махны үнэ хямдарч Монголчуудын магнай тэнийх шиг боллоо. Гэвч, хүйтэнд хөрж, халуунд халж, дөрвөн улирлын хатуу бэрхэд нухлагдан амьдрах малчдын хувьд эдийн засгийн хямрал болон мичин жилийн зуднаас урьтаж, малынхаа тоо толгойг цөөлж, чанаржуулах гэсэн сонирхолтой холбоотойгоор махны үнэ буурсан гэх.
Сүүлийн хэдэн жил үнэ нь тэнгэрт тулаад байсан мах 2000-3000 мянгаар хямдарч ямааны мах 1500, хонины мах 4000, үхрийн мах 5000 төгрөг болтол хямдарсан сурагтай.
Манайд тэр дундаа нийслэл хотод махны үнээ дийлэлгүй гэдэс цувдайхнаар өдрийн хоолоо залгуулдаг өрхүүд цөөнгүй. Тэгвэл тэдгээр өрхүүд маань гэдэс цувдай, таван цул худалдаж авдаг 1500 төгрөгөөр нэг кг ямааны мах авах боломжтой болжээ.
Юутай ч мах хямдарсан нь сайн хэрэг. Бас нэгэн сайхан мэдээ гэвэл бензиний үнэ хямдарчихлаа. Өргөн хэрэглээний барааны гол бүтээгдэхүүнүүд аажмаар хямдарч, хямралын шуурганд өртөөд байсан Монголчуудын нуруун дээрээс бага ч гэсэн ачаа хөнгөрөх шиг.
Мах, бензинээс эхлээд өргөн хэрэглээний гол бараа бүтээгдэхүүн бага багаар хямдарсан ч сайны хажуугаар саар гэгчээр асуудал цөөнгүй. Учир нь хямдарлыг дагаад хямдрал гэх зохицуулалт үгүйлэгдэж байна.
Гол эх үүсвэр мах нь хямдарчихаад байхад хоол хүнс, мах махан бүтээгдэхүүнүүд нь хямдарсангүй. Хямдрах сураг чимээ ч алга. Нэг кг мах 1500-6000 хооронд худалдаалагдаж байхад, хоолны газруудын хоол нэг таваг нь багадаа 5000 төгрөгнөөс дээш үнэтэй. Нэг ширхэг хуушуур 1000, бууз 800 төгрөг. Манай хоолны газрын бизнес эрхлэгчид хоолоо тэр бүр үхэр хонины махаар хийгээд байддаггүй.
Хямдыг нь харж, ямаа адууны махаар хоолоо бэлтгэдэг. Ямааны мах нэг кг нь 1500, нэг ширхэг хуушуурын үнэ 1000 төгрөг гэж тооцоход нэг кг махаар ойролцоогоор 30-аад хуушуур бэлтгэнэ. Тэгэхээр нэг кг махны үнийг нэг ширхэг хуушуурын үнэтэй харицуулахад тухай байгууллага ойролцоогоор 30000 төгрөг буюу 20 дахин ашигтай ажиллаж байгаа юм.
Гэвч энэ асуудал дээр зохицуулалт гэх асуудал хаа хаанаа хийгдсэнгүй. Уг нь бараа бүтээгдэхүүний хямдрал, зохицуулалтын тал дээр тухайн хариуцаж буй яамд нь анхаарч ажиллах ёстой баймаар.
ШӨХТГ махны үнэ хямдарсан тохиолдолд тухайн бүтээгдэхүүний эх үүсвэр болох мах махан бүтээгдэхүүн, хоолны үнийн тал дээр нэн түрүүнд зохицуулалт хийх ёстой. Харамсалтай нь эдгээр төрийн байгууллагууд нь дээрх асуудал дээр анхаарлаа хандуулахгүй бололтой.
"ХХАА-н сайд Р.Бурмаа, ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан танаа ажлаа хийгээч ээ” гэж хэлмээр байна. Ямартай ч, жил жилийн намрын улиралд махны үнэ буурдаг нь бичигдээгүй хууль бөгөөд энэ улиралд ихэвчлэн монголчууд өвлийн идшээ базаадагтай ч холбоотой байж болох.
Гэхдээ л махны үнэ эргээд хэзээ нэмэгдэх бол гэсэн иргэдийн айдас арилаагvй байгаа. Санаан зоргоор vнээ нэмдэг ченжvvд махны vнэ буурч байгаа нь зvгээр л улирлын чанартай гэх. Хэдийгээр Засгийн газар махны үнийн асуудалд анхаарлаа хандуулсан ч холбогдох байгууллагууд нь ажлаа хийхгүй байгаа нь гашуун үнэн.
Эх сурвалж: Bolod.mn