|

БОЭТ-ИЙН ХҮҮХДИЙН ТАСАГТ ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ОЛГОЛОО

saikhnaa 2017/01/03 885 0

БОЭТ-ИЙН ХҮҮХДИЙН ТАСАГТ ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ОЛГОЛОО

БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн ачаалал өндөр байгаа тул аймгийн Засаг дарга захирамж гаргаж тус тасагт шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэхээр болсон. Уг ажилд Засаг даргын нөөц хөрөнгө болон орон нутгийн бусад зардлаас 7.7 сая орчим төгрөг төсөвлөсөн. Энэ хөрөнгөөр авсан эм, эмнэлгийн хэрэгслийг өнөөдөр Хүүхдийн тасагт хүлээлгэн өглөө. Тодруулбал, Хяналтын монитор, зайнаас халуун хэмжигч, цилдингрийн гуурс, утлагын аппарат, зөөврийн кварц зэрэг 10 гаруй нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг нийлүүллээ. Үүнийг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор болон Эрүүл мэндийн газрын дарга М.Баттүвшин тэргүүтэй албаны хүмүүс хүлээлгэн өгсөн юм. 

Тус тасгийн эмч М.Уртнасан хэлэхдээ "Манай тасагт хяналтын монитор огт байгаагүйгээс гадна соруулгын гуурс хэт хуучирсан байсан. Одоо нийлүүлж буй эм, эмнэлгийн хэрэгслийг өнөөдрөөс хэрэглэж эхэлнэ. Ингэснээр эмчилгээ, үйлчилгээ илүү хурдан болж хүүхдүүдийн ор хоног багасах ач холбогдолтой”  гэсэн юм.     
Тэгвэл аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хэлсэн үгэндээ "Эдгээр эм, эмнэлгийн хэрэгслийг тусгай зөвшөөрөлтэй ААН-ээс нийлүүлэхэд анхаарсан. Мөн Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 5 хүртэлх насны хүүхэд нь амьсгалын замын өвчнөөр өвдсөн тохиолдолд асран халамжлагчид нь 2-3 хоногийн цалинтай чөлөө олгох уриалгыг гаргасан. Аймгийн удирдлагуудын зүгээс энэхүү уриалгыг хэрэгжүүлэхэд манлайлж ажиллахыг орон нутгийн хэмжээнд ажиллаж буй байгууллага ААН-үүдээс хүсэж байна” гэлээ. Мөн тэрээр Хүүхдийн эмнэлгийн барилгын ажлыг дуусгахад бүх талаар анхаарч ажиллаж буйгаа онцоллоо. 
 
 

Мэдээллийн төв

Санал болгох

Сэтгэгдэл

top